Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь нийгэм, орчин, сэтгэл зүйн олон хүчин зүйлээр тодорхойлогддог, зарим талаараа сэтгэл гутрал, ялигүй зовлонт байдлууд, шизофрени, тэнэгрэл, эпилепси зэрэг мэдрэл сэтгэцийн эмгэгүүдийг тодорхойлох олон талт ойлголт юм. Энэ удаа хүмүүсийн тэр болгон яриад байдаггүй мэргэжлийн үг хэллэг ихтэй, төвөгтэй зүйлийн тухай бичсэн болно.
Тархийг өдөөх эмчилгээ (Brain stimulation therapy) сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх нь:
Та өмнө нь “электроконвулсив сэтгэц засал”-ын талаар сонсож байсан бол 1975 онд бүтээгдсэн “One flew over the Cuckoo’s nest”хэмээх киног үзсэн гэсэн үг. Жек Николсон-ы гол дүрд нь тоглосон уг киноны үйл явдал сэтгэцийн эмнэлэгт өрнөх бөгөөд кинонд түрэмгий, цочмог ууртай, хэрцгий араншинтай, сэтгэл хөдлөлөө хянаж чаддаггүй тэрслүү эрийн тухай өгүүлдэг. Электроконвулсив сэтгэц заслын аргыг кинонд маш өвөрмөц байдлаар харуулдаг. Үйл явдлыг өнгөц дүгнэхэд бие биенийгээ доромжилсон, харааж зүхсэн байдал хэтэрхий их гардаг боловч цаад санаа нь үүнээс тэс өөр. Учир шалтгаанаас үр дүн үүсэхдээ ямар замыг туулж болохыг нэг хүн, түүнийг хүрээлж буй олон хүмүүсээр төлөөлүүлсэн гэхэд болно.
Электроконвулсив сэтгэц заслын аргыг дурьдахаас өмнө түүний гол судлагдахуун болох тархи судлалын шинжлэх ухааны талаар өөрийн ойлголтоо бататган бичвэл дараагийн хэлэх санаанууд маань илүү цэгцтэй байна гэж бодлоо.
Сүүлийн үед мэдрэл судлалын шинжлэх ухаан “тархи бол бие хүний оршин байх мөн чанар” гэж ярих болсон. Гэхдээ бүрэн судлах хүртлээ олон төрлийн судалгаануудыг хийх шаардлагатай болоод байна. Мэдрэлийн эмгэгийн онош зүйчид ч чухал байр суурийг эзлэх болж. Үүний нэг нь хүн яагаад өөрийгөө болон бусдыг гэмтээдэг, эрсдэлт зан үйл хийдэг, эдгээрт тархи хэрхэн, ямар замаар оролцдог тухай судлахыг чухалчилж байгаа юм. Сэтгэц засалч Брент хэлэхдээ “бидний дотоод мөн чанар (зөн билэг), зан байдлыг өөрчлөхөд дорвитой нөлөө үзүүлж чаддаггүй” гэж үзсэн байдаг. Хүний сэтгэн бодох оюун ухаан, хийж буй үйл ажиллагаа, хүмүүс хоорондын харилцан үйлчлэл бүгд тархинаас хамааралтай гэж бодохоор анхаарал тавихгүй байхын аргагүйд хүрсэн гэсэн үг л дээ.
XXI-р зуунд тархи судлалыг тэргүүлэх шинжлэх ухаанаар нэрлэж байгаа цаг дор сэтгэц заслын арга техникүүд ч өөрчлөгдөж байна. Урьд өмнөх шинжлэх ухааны онолуудыг урвуулан, аль эсвэл хослуулан судлах эрэлт хэрэгцээ нэмэгдэх болсон нь асуудлаа шинэ өнцгөөс харах боломжийг нээж, шийдвэрлэх боломжийг олгоод байна.
“Өндөр хөгжилтэй орнууд тархи судлалын шинжлэх ухааны хөгжилд суурилан ойрын үед Ангараг гариг дээр анхны хүн төрөлхтний колони байгуулна, биоматериалд суурилсан хиймэл оюун ухаант роботууд үйлдвэрлэнэ гэж яриад эхэллээ. Технологийн хувьсгалыг оюун ухааны эрин үе эхэлж байна гэж зарлах боллоо. (Л.Баттүвшин, 2018)” Үүнтэй зэрэгцэн одоогийн бидний оршихуйн мөн чанар болох тархи маш чухал судлагдахуун болов. Хүний биеийн эрхтнүүдийг онцгойлон чухал эсэхээр нь ялгаварлах нь харьцангуй ойлголт боловч тархийг бусад эрхтэн тогтолцооноос чухалчилан үздэг гэж би хувьдаа боддог. Хүний сонирхлыг тайлагдашгүй нууц л татдаг шүү дээ. Хэрэв бидний тархи хэт энгийн байсан бол хүний бие энгийн, ойлгомжтой бөгөөд юу ч хийж, бүтээж чадахгүй хэмжээнд байх байсан. Тиймээс тархитай холбоотой бүхий л зүйлсэд бидний өнөөгийн шинжлэх ухааны мэдлэг, техник технологи “жулдаж” байгаа гэх үү дээ.
Орчин үеийн сэтгэц засалчдын дунд цахилгаан эрчим хүчээр тархинд эмчилгээ хийх үйл явцыг түүхэн явдлуудтай харьцуулан шүүмжлэх явдал цөөнгүй гардаг. Дээр дурьдсан “One flew over the Cuckoo’s nest” гэх кино гарснаас хойш олон нийт электроконвулсив сэтгэц заслын аргыг мэдэх болж, хүмүүсийн анхааралд өртсөн юм. Гэсэн хэдий ч энэхүү сэтгэц заслын талаарх судалгааг хийснээс хойш 80-н жилийн дараа шизофрени, хоёр туйлт эмгэг, сэтгэл гутралын шинж тэмдэгтэй гэх онош тавиулсан өвчтөнүүдэд ашиглах хэрэгтэй талаар санаа гарч байжээ.
- Шизофрени нь одоог хүртэл үүсэх шалтгаан нь тогтоогдоогүй, ихэвчлэн залуу насанд тохиолддог дотоод шалтгааны гаралтай ялангуяа тархины бүтэц үйл ажиллагааны дотоод механизм өөрчлөгдсөний үндсэн дээр үүсэх архаг явцтай сэтгэцийн өвчин юм. Шизофрени өвчин удамшимтгай эмгэгийн бүлэгт багтана.
- Эрдэмтэд биполар буюу хоёр туйлт сэтгэцийн эмгэгийг удамшилтай холбоотой байж болох хэд хэдэн таамаглалыг дэвшүүлсэн, харин удамшил судлалын онолоор хүнд сэтгэлийн шарх үүсгэх, хүнд хэцүү үе тохиолдоход сэтгэл гутрал үүсгэх төрөлхийн шинж чанараа сэдрээдэг гэж үздэг. Эмчилгээ долоо хоногт 2-3 удаагийн давтамжтайгаар хэдхэн минутын дотор явагддаг. Өнөөдрийн тухайд аюулгүйд тооцогддог энэхүү эмчилгээний арга өмнө нь амь насанд аюултай, нэлээд эрсдэлтэйд тооцогддог байв.
Түүхэн үйл явцын тухайд:
Юго Серлетти (1887-1963): Электроконвулсив сэтгэц заслын аргын эцэг.
1937 онд сэтгэцийн эмч Макс Мюллер Швейцар улсад анх эмчилгээний сэтгэц заслын тухай Олон улсын хурлыг зохион байгуулсан юм. Уг хурлаар өвчтөнд үүсч байгаа эрсдэлийн талаар хэлэлцсэн байдаг байна. Яг энэ үетэй зэрэгцэн Италийн сэтгэц засалч Юго Серлетти нохойны толгойнд цахилгаан цочроогч өгөн мэдрэлийн эсүүдийг идэвхижүүлэх туршилтыг хийжээ. Сэтгэц заслын салбар шинжлэх ухааны домог болсон тэрээр хүнийг мэдээ алдуулсан үед цахилгаан цочроогч өгөн өвчнийг нь намдааж (арилгаж) болно хэмээн үзсэн юм. Түүний туршилтууд ч өөрийнх нь санааг батлан электроконвулсив арга ийнхүү үүсчээ.
1938 онд өөрийн найз сэтгэцийн эмч Лузио Бинитэй хамтран анхны оношилгооны төхөөрөмжийг бүтээснээр электроконвулсив сэтгэц заслын аргыг бодит үйл ажиллагаа болгоход чухал зүйлийг хийцгээжээ. Уг төхөөрөмжийг ашиглан өвчтөний нөхцөл байдлыг илүү дээрдүүлж чадсан нь томоохон амжилт байлаа. 1940 он гэхэд ихэнх сэтгэцийн эмнэлэгт электроконвулсив аргыг өргөнөөр ашиглах болов. Мөн энэ чиглэлээр АНУ-д Лотар Калиновский, Макс Финк зэрэг сэтгэц засалчид бэлтгэгдэн гарчээ. Тархин дахь бүх нейронууд өөр хоорондоо адилгүй. Мэдээллүүд ялгаатай эсүүдээр ялгаатай хурдтайгаар дамждаг учраас цахилгаан цочроогчийг өгөх хэмжээ, хугацааг тохируулах нь хамгийн чухал. Товчхон тайлбарлахад нэг иймэрхүү.
Сэтгэц заслын арга хүний дотоод мөн чанарыг илрүүлэх замаар өөрөө ч мэдэхгүй байгаа асуудлыг олж харуулах үүрэгтэй. Тиймээс хүний алдагдсан “би”-г эргэн авчрахын тулд тархинд болж буй бүхий л үйл явцад дүн шинжилгээ хийх шаардлага үүсч байгаа юм. Электроконвулсив сэтгэц заслын арга нь бусад сэтгэц заслын аргыг бодвол тусгай техникийг ашиглан, эм бэлдмэл хавсран хийдэг шинжлэх ухааны нөлөө давамгайлсан нэлээд хэцүү үйл ажиллагаа гэж хэлж болно. Нэг үгээр бол хүний дотоод мөн чанар луу биш, тархины мөн чанар луу ордог. Ч.Дарвины онолоор, амьтдад ашигтай эрхтнүүд л үлдсэн. Тэгэхээр тэрхүү ашигтай эрхтнүүдээ зохистой ашиглахын тулд бодож сэтгэхдээ хүмүүс анхаарах ямагт хэрэгтэй. Уг заслын эмчилгээний сул тал нь автомат байдлаар өвчтөнийг мэдээ алдуулан, цахилгаан цочроогчоор өвчнийг намдаадаг. Энэ нь хүн өөрийн асуудлыг ойлгох замаар биш шахан зайлуулж буй хэрэг юм. Оюун ухаанаа ажиллуулж, бодож сэтгэхэд зориулагдсан учраас хүмүүст Заратустра дээр бичигдсэн шиг өөрийгөө үгүйсгэх, жигших, ганцаардах боломжийг олгох тал дээр дутагдалтай санагдсан (гэхдээ би хамаагүй ингэж бичих ёсгүй байх аа).
Заа өнөөдөртөө энд хүргээд дуусгая. Их урт бас ойлгомжгүй байсан бол уучлаарай.
Comments