Сансар судлал дахь NEUROSCIENCE-н ач холбогдол
Neuroscience (мэдрэл судлал): Хүний тархи өөрийн зан үйлийг хэрхэн удирддаг болохыг судалдаг биологийн шинжлэх ухаан дахь бие даасан салбар. (Зөндөө тайлбарлаж байгааг минь уучлаарай. Гэхдээ өөртөө амар байлгах гэж ингэж байгаа юм шүү!)
Зан үйл: гадаад болон дотоод цочроогчид хариу үйлдэл үзүүлэх бие организмын үйл ажиллагаа. Зан үйл нь стресст үзүүлэх физиологийн болон сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл, цусны даралт, рефлекст үйлийг хянах гэх мэт тархинд үзүүлж буй орчны нөлөөг тусган авч хариу үзүүлэх үүрэгтэй. Түүнчлэн сансрын хөлөг жолоодох, 3 хэмжээст орон зайд зүг чигээ олох, мэдрэхүйн хөдөлгөөнөө удирдах, шинэ зүйлд суралцах зэрэг нарийн төвөгтэй үйл ажиллагааг хариуцдаг. Товчхондоо зан үйл бол амьд организмын оршин тогтнох үндэс юм.
Төв мэдрэлийн тогтолцоонд мэдрэхүйн эрхтнүүдийн тусламжтайгаар мэдээлэл дамжуулах энэхүү үйл явц чухам хаанаас эхлэн сансар огторгуйтай холбогдож эхэлснийг өнөөдөр тайлбарлах болно.
Сансар судлал ба Neuroscience-н холбоо хамаарал:
Сансар судлал дахь neuroscience -н гол судлагдахуунд жингүйдэл, таталцал, хурдатгал, цацраг идэвхт туяа зэрэг физикийн суурь ойлголтууд багтахаас гадна тусгаарлагдмал орчинд удаан хугацаагаар байх үеийн сэтгэл зүйн онцлог, эрсдэлтэй орчноос үүдэлтэй стрессийг даван туулах чадвар, тархины онцлох хариу үйлдлүүд гэх мэт сэтгэл судлалын чухал асуудлууд ч мөн багтана. Дээрх судалгааны үр дүн сансарт гүйцэтгэх даалгаврыг амжилттай дуусгахад голлох үүрэгтэй юм. Гэвч сансар судлалын судалгаанууд дэлхий дээр хийгддэг нь гол асуудал болж буй гэх.
Сансарт нисэх үед төв мэдрэлийн тогтолцооны мэдээллийг хүлээн авах, боловсруулах, дамжуулах, хадгалах, орон зайн чиг баримжаа зэрэг үйл ажиллагаанууд оролцдог.
Сансрын орчин:
Агаар мандалгүй (вакуум), ионжуулагч цацрагийн хорт түвшин өндөр, өдөр шөнийн мөчлөггүй орчин. Шууд утгаараа төв мэдрэлийн системд сөрөг нөлөөтэй. Сансрын хөлөгт хүний амьдрах нөхцөлийг хангах систем (хүчилтөрөгч, чийгшил, даралт, хоол хүнс) ажилладаг ч гэнэтийн эрсдэлээ тооцоолж үзвэл энэ бүхэн хангалтгүй юм.
Хүйтэн дайны үед Зөвлөлт Холбоот Улс Спутник- 1 хөлгийг хөөргөснөөр сансрын эрин үе эхэлсэн. Түүнчлэн Лайка нэртэй нохойг Спутник-2 хөлгөөр сансарт хөөргөсөн түүхтэй. Одон орон судлал дотор сансар судлал томоохон байр суурь эзэлдгийг Ю.Гагарин, В.Комаров, Нил Армстронг тэргүүтэй сансрын нисгэгчид, сансарт хөөрсөн хөхтөн амьтад, огторгуйн гүнийг судлах хиймэл дагуул, сансрын хөлгүүд, судалгааны баазууд баталж харуулсан (улс төрийн өрсөлдөөнийг энд дурьдсангүй). Энэ түүхийг ингэсгээд үлдээгээд гол зүйл рүүгээ оръё гэж бодлоо.
Сансарт үүсэх "бяцхан" эрсдэл
Амьд бие тэдний тархсан ул мөр бүхэлдээ "татах хүч"-ний ачаар эдүгээ цаг үетэй учран золгосон. Бидэнд татах хүчийг мэдрэх тусгай функц хувьслын явцад бий болсон бөгөөд үүнийг дотоод чихний вестибуляр (орчны чимээ шуугиан, хөдөлгөөн мэдрэх) систем хариуцдаг байна. Гаднаас ирж буй цочроогч болох дуу чимээг чих хүлээн авч тархины зохицуулалтын төвд аваачсанаар мэдээлэл боловсруулагдаж хариу үйлдэл үзүүлдэг. Хэрвээ нүд, булчин, үе мөч, вестибуляр системээс хүлээн авсан мэдрэхүйн мэдээлэл хоорондоо зөрчилдвөл хүний чиг баримжаа алдагдаж хөдөлгөөн хязгаарлагдна. Дэлхийн татах хүчнээс ангид байх үед сансрын нисгэгчдийн 70 орчим хувь нь эхний 7 хоногтоо уг үйл явцтай нүүр тулгардаг гэнэ.
Нэг энгийн жишээ гэхэд, хяналтын самбар луу харсан чигтээ багажны савыг онгойлгох нь сансарт асар их энерги, хүч хөдөлмөр зарцуулах хөдөлгөөнд тооцогддог.
Сансар судлалын эрдэмтдийн судлах асуудал тархин дахь мэдрэлийн эс шигээ түм бумаараа эргэлдсэн хэвээр л байна.
Дэлхийн амьд биетийг нууцлаг орон зайг судлуулахын тулд илгээхээс өмнө бие махбодь, сэтгэл зүйн онцлогийг нь танин мэдэх шаардлагатай.
Сансарт байснаар учирч болох хор хөнөөл ганц асуудлаар дуусахгүй. Жишээ нь нойр!
Биологийн цагаар хэмжигдэх мэдрэлийн тогтолцооны амралтыг сансарт 5-6 цаг л авдаг. Энэ нь нойрны хэмийг алдагдуулж, сансарт гүйцэтгэх ажлын бүтээмж буурахад нөлөөлдөг. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд зөвшөөрөгдсөн заалтын дагуу нойрны эм хэрэглэхийг зөвшөөрдөг гэнэ.
Гэхдээ одоог хүртэл сансар судлал дахь neuroscience-н судалгаанууд аюулгүй байдлыг хангахад тусалж чадахгүй байна. Сансарт хөөрсөн түүхэн туршлагаараа шинэ орчинд "бага зэрэг" дасан зохицож чадна гэдгээ мэдэж авсан ч амьд үлдэх магадлалаа ихэсгэнэ гэдэг хэцүү даалгавар юм.
Comments