Мюррэйн 1943 оны судалгааг та бүхэндээ сонирхуулан хүргэж байна. (Уг бичвэр нь бие хүний сэтгэл судлал хичээлийн хүрээнд хийсэн семинарын даалгавар болно.)
Судлаачийн тухай:
Хэнри Александр Мюррэй 1893 оны 5-р сарын 13-нд АНУ-д төрсөн. 1930 оноос Харвардын их сургуульд Клиникийн сэтгэл судлалаар багшилж байсан бөгөөд бие хүний судалгааны чиглэлээр нэрд гарсан. АНУ-ын тагнуулын газрын захиалгаар хийсэн Германы Үндэсний социалист Ажилчны нам буюу Нацист намын удирдагч А.Гитлерийн бие хүний онцлог хэв шинжийн судалгаа нь дайны үеийн чухал баримт болж байв. Түүнчлэн ЗГ-ын тушаалаар оюун санааг удирдах туршилт буюу МК-Ультраг хийж байсан нь өнөөг хүртэл нууц материалын нэгд тооцогддог юм. (Зарим нэг мэдээлэл нь нийтэд ил болсон)
Х.Мюррэй хэрэгцээг анхдагч ба хоёрдогч гэж ялгасан. Анхдагч хэрэгцээ гэдэг нь хооллох, унтах, үржих гэх мэт төрөлхийн, биологийн шаардлагатай зүйлс болно. Хоёрдогч хэрэгцээнд хайр дурлал, хүндлэл, харилцаа, уран бүтээлийн гэх зэрэг нийгмийн шинжтэй зүйлс багтана. Мөн тэрээр амжилтын, түрэмгийллийн, сэтгэлийн хөдөлгөөний, хамгаалах, эсрэг үйлдлийн, нэр хүндийн, хайр хүндлэлийн, ноёлох, өөрийгөө илэрхийлэх, хортой зүйлээс зугатах, азгүй явдлаас зайлсхийх, халамжлах, эмх цэгцтэй байх, тоглох, мэдрэмжийн, бэлгийн харилцааны, дэмжлэг авах, ойлголцох зэрэг хэрэгцээг тусгайлан ангилан үзжээ.
Түүний онолын гол үзэл санаа нь хүн болгон өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Тэр байдлаа бусадтай ямар нэг байдлаар хуваалцаж, илэрхийлдэг гэжээ.
Судлах болсон шалтгаан:
АНУ-ын тагнуулын газрын Стратегийн хорооны захиалгаар хийсэн уг судалгаа нь Фашист Германы эрх баригч А.Гитлерийн зан төлөвийн онцлогоос шалтгаалан ирээдүйд дэлхийн улс төр хаашаа эргэх магадлалтайг тооцоолох зорилготой байв. Судалгаа нь тухайн үедээ АНУ-ын чухал баримтад тооцогдож байсан бөгөөд А.Гитлерийн сэтгэл зүйн онцлогийг түүний хувийн амьдрал (The mind of Adolf Hitler), биеийн хэлэмж, эцэг эхийнх нь харилцаа зэрэгт контент анализын аргыг ашигласны үр дүнд гаргаж ирсэн нь тун сонирхолтой болжээ. 2004 онд Корнелийн их сургуулийн номын санд хандивлажээ.
Адольф Гитлерийн товч намтар:
Австрид төрсөн Германы улс төрч, Германы Үндэсний Социалист Ажилчны Нам буюу Нацист намын (герм. Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei) удирдагч.
- 1933-1945 онд Германыг удирдаж байсан.
- 1933-1945 онд Германы канцлер,
- 1934-1945 онд төрийн тэргүүн (Führer und Reichskanzler)
(герм. Adolf Hitler; 1889 оны 4-р сарын 20 – 1945 оны 4-р сарын 30)
нэгдүгээр дайнд одон медалиар шагнуулсан ахмад дайчин Хитлер 1920 онд Нацист намд элсэж, 1921 онд удирдагч нь болжээ. 1923 онд бүтэлгүйтсэн төрийн эргэлтийн дараа шоронд хоригдон гарч ирээд үндсэрхэг үзэл, семитийн эсрэг үзэл, коммунизмын эсрэг үзлийг өөрийн харизматик илтгэгчийн чадвар, ухуулгаар сурталчлан дэмжлэг олж авчээ. Хитлер 1933 онд канцлераар томилогдож, удалгүй тоталитар фашист дарангуйллыг тогтоожээ. Хитлер Германд амьдрах орон зай авах зорилгыг гадаад бодлогодоо тууштай баримталж, улсынхаа нөөц баялгийг энэхүү зорилгод чиглүүлж байлаа. Тэрээр Вермахтыг дахин сэргээж 1939 онд Польшийг эзэлсэн нь Европт Дэлхийн хоёрдугаар дайны галыг асаав. Гурван жилийн дотор Герман, Тэнхлэгийн гүрнүүдийн хамт Европын ихэнхи хэсэг, Африк, Зүүн ба Зүүн Өмнөд Ази, Номхон Далайн ихээхэн хэсгийг эзэлж авлаа. Гэвч Холбоотны гүрнүүд 1942 оноос санаачлагыг гартаа авч, 1945 онд Германыг бүх талаас нь эзлэн довтлов. Түүний удирдсан зэвсэгт хүчин дайны үеэр олон харгислал үйлдсэний дотор 6 сая еврейг аймаглан устгахыг (Холокост) голлон анхаарч 17 сая энгийн иргэнийг системчлэн хороосон юм. 1945 онд дайн дуусч байхад Гитлер олон жил нууц амраг нь байсан Эва Браунтайгаа гэрлэсэн ч 40 хүрэхгүй цагийн дараа шинэхэн гэрлэсэн хос амиа егүүтгэсэн юм.
Судалгааны үндсэн хэсэг:
Судалгааны агуулга ерөнхий 3 хэсгээс бүрдэх ба дотроо 5 дэд бүлэгт хуваагддаг.
А.Гитлерийн сэтгэл зүйн онцлогийг гаргаж ирэхийн тулд судлаач төрснөөс хойшхи бүхий л амьдралын үйл явдлуудыг шинжилжээ.
1. Үндсэн хэсэг:
I хэсэгт: А.Гитлерийн бие хүний онцлогийн түүхэн баримт
II хэсэгт: А.Гитлерийн зан төлөвийг таамагласан нь
III хэсэгт: А.Гитлерийн түгшүүрийн тухайд
IV хэсэгт: Герман хүмүүсийн түгшүүрийн тухайд
2. Үндсэн хэсэг: В.Х.Д.Вернон-ы А.Гитлерийн тухай кейс анализ хийсэн судалгаа
3. Үндсэн хэсэг: Сэтгэл судлаачид болон сэтгэл засалчдын А.Гитлерийг тодорхойлсон тэмдэглэл
Энэхүү хэсэгт гол гэсэн агуулгуудаа багтаан оруулсан болно.
А.Гитлерийн бие хүний хэв шинжийн онцлогийг гаргаж ирэхэд түүний гурван үеийн намтрыг судалж үзсэн байдаг. Ингэснээр сэтгэл судлалын судалгааны үндсэн аргыг бүтээлчээр ашигласан нь харагдсан.
Хүснэгт1
Алоис Гитлер хоёр удаагийн бүтэлгүй гэрлэлтийн дараа 1885 оны 1-р сарын 7-нд Адолфийн эх болох Кларатай хуримлажээ. Адольф 6 настайдаа Фишлам дахь тосгоны сургуульд явж эхэлсэн бөгөөд 1897 оны 6-р сараас 1899 оны 1-р сар хүртэл Ламбахын сүмийн сургуульд суралцжээ. Түүний гэр бүл нь байнга нүүдэг тул тэрээр 3 удаа сургуулиа сольж байв. Сургуульд суралцаж байхдаа ихэнх хичээлдээ тааруу дүнтэй суралцдаг байсан ба гагцхүү зураг, түүхийн хичээлдээ ихэд сонирхолтой байжээ. Мөн Германы зохиолч Карл Фридрих Май-ийн романуудыг ихэд сонирхон уншдаг байв. Алдартай зураач болохыг мөрөөдөж тухайн үеийн алдартай зураачдын зургийг хуулбарлан зурахын зэрэгцээ өөрөө бие даан зураг зурах болжээ. Эхийгээ нас барсны дараа 1907 онд Венийн дүрслэх урлагийн Академид сурахаар хэд хэдэн удаа оролдсон ч тэнцсэнгүй. Тухайн үеийн Академийн ректор нь хожим нь “Гитлерийн авчирсан зурагнууд ямар ч зураачийн мэдрэмжийг надад төрүүлээгүй. Гэхдээ түүнд архитекторын ур чадвар байсан” гэж бичсэн байдаг.
х.Мюррейн тодорхойлсноор Гитлерийн түрэмгий байдал эцгийнх нь харгис хүчирхийлэлтэй гарцаагүй холбоотой гэжээ. Эхний хэсэгт А.Гитлерийн бие хүний онцлогийг илтгэх олон зуун баримт бичиг, баримтат кино, сонингийн нийтлэлүүдийг ашигласан. Мөн зан төлөвийг нь тодорхойлон гаргахын тулд зан байдлын нийтлэг шинжүүдийг түүвэрлэн авах нь чухал санагдсан.
Тэрээр өсөхөөсөө ганцаардмал зожиг, бусад хүүхдүүдээс бие жижиг, сульдаа биетэй хүүхэд байжээ. Иймээс өөрийгөө бусдаас дутуу хэмээн үздэг байсан бөгөөд ихэнх цагаа ганцаараа өнгөрөөсөн. А.Адлерийн 1907 онд “Эд эрхтний дутуу байдал” номондоо “Бүх хүнд эд эрхтний дутагдал байдаг. Хэрвээ хүн бусдаас дутуу гэдгээ илүү анхаарвал нийгмээс холдоно. Эсвэл сэтгэл зүйн бүтэн байдалд орно” хэмээн бичсэн байдаг. Тэрээр өөрийн дутагдлуудыг засахаар ихэд оролдлого хийсэн. Мөн Адолф хүмүүс бусдыг гадаад өнгө төрх, зүс царайгаар нь дүгнэж харьцдаг гэдгийг мэддэг байсан бөгөөд гагцхүү хүмүүс хэчнээн царай муутай, ноорхой хувцастай байсан ч бусдыг алмайртал ярьж чаддаг хүнийг даган биширдэг гэдгийг анзаарч харжээ. Иймээс өдөрт 4 цаг толины өмнө өөрөө өөртөө үг хэлж, биеийн хэлэмж, хөдөлгөөний өнгө аясыг бэлдэж сургуулилдаг байв. Ингээд тэрээр шилдэг илтгэгч, ухуулагч болсон. Түүний гадаад төрхийг дүрслэхдээ гуя нь өргөн, булчин сул гэх мэтээр дүгнэсэн нь тарчиг амьдралынх нь ул мөр хэмээн дүгнэжээ.
Дүгнэлт:
Судлаачийн гаргасан үр дүнд А.Гитлерийн яагаад аймшигт хэргийг үйлдэх болсон шалтгааныг ойлгож чадсан нь сайн судалгаа болсныг илтгэж байна. Миний хувьд уг судалгааг удирдагч бие хүнийг судлан тодорхойлоход бие хүний онцлог хүчин зүйлийн онол дээр тулгуурлан контент анализийн аргыг ашиглах нь өндөр ач холбогдолтой гэж бодлоо.
Comments