top of page
Writer's pictureEnkhmaa Byambakhuu

Ч.Дарвины сэтгэл түгших эмгэгтэйгээ тэмцсэн түүх

Updated: Mar 8, 2021

Чарльз Дарвин бол эволюцийн онолыг боловсруулсан Английн биологич төдийгүй бүх цаг үеийн хамгийн агуу сэтгэгчдийн нэг билээ. Тэрээр 1809 оны 2-р сарын 12-нд Шрусбери хэмээх Английн жижиг хотод чинээлэг эмчийн гэр бүлд мэндэлжээ.

Биологийн шинжлэх ухаанд хувьсал хийснээрээ түүхэнд нэрээ мөнхөлсөн ч тэрээр сэтгэл зүйн хувьд тогтворгүй, хэцүү зан ааштай, цөхрөнгөө барсан нэгэн байв. Ч.Дарвин Винсент Ван Гогтой төстэй хүнд хэлбэрийн сэтгэл түгших эмгэгтэй байсан гэдэг. Зохиолч, редактор Скотт Стоссел түүний сэтгэцийн эмгэгийн шинж тэмдгүүдийг гар бичмэл, захидлуудаас нь олсон бөгөөд тухайн тэмдэглэлээ бичиж үлдээсэн цаг хугацаа нь 1831 оноос эхлэн эргийн зургийг үйлдэх даалгавар бүхий Бигль хөлөг онгоцоор дэлхийг тойрох аялалд оролцсон үеэс үүдэлтэй байжээ.

Сэтгэл түгших эмгэг (anxiety): Юунд санаа зовж байгаагаа мэдэхгүй зүрх нь дэлсэх, айдсын мэдрэмж төрөх, айх ёсгүй зүйлээс ч айх байдал хэдэн сараар үргэлжлэх юм бол сэтгэл түгших эмгэг болдог. Санаа зовох, сэтгэл түгших нь ихсэж, олон зүйлд санаа зовох, стресс даах чадваргүй болж зүрх дэлсэх, амьсгалахад саадтай болох, хоолой боох гэж байгаа мэт санагдах, хөлрөх, гар хөл чичрэх, толгой эргэх шинж тэмдгүүд нь хүчтэй, байнга илэрч байвал сэтгэл түгших эмгэг үүссэн гэж үзнэ(tusgal.mn).

С.Стоссел Дарвины 40-46 насны хоорондох 6 жилийн хугацаан дахь "сэтгэцийн эрүүл мэнд"-тэй нь холбоотой тэмдэглэлд анхаарлаа хандуулсан юм. Тэмдэглэлийн дэвтэр дээрх бичвэрүүд нь бүхэлдээ архаг ядаргаа, ходоод хямрах, гэдэс дүүрэх, толгой өвдөх, дотор муухайрах, нойргүйдэх, зүрх дэлсэх зэрэг психосоматик шинжтэй өвчний шинж тэмдгүүдийн тухай байжээ.

Бас нэг сонирхол татахуйц баримт нь алдарт "Зүйлийн үүсэл" номоо бичиж дуусгасны дараа (1865 онд) 56 настай эрдэмтэн маань өөрийн эмч Жон Чапмэнд олон жилийн турш түүнийг зовоон шаналгаж байсан өвчнийхөө тухай захиа бичин явуулсан нь баримтаар үлджээ.

"25 жилийн турш өдөр, заримдаа шөнийн цагаар дотор минь муухайрч, бөөлждөг байв. Тэгэхээс урьтан бие салгалан чичирч, шалтгаангүйгээр уйлж, үхэх гэж байгаа юм шиг мэдрэмж төрж, бүр цаашлаад ухаан алдах үе ч олон байсан. Харин одоо чих шуугих, амьсгаа давхцах, харж ч чадахгүй болох гэх мэт хачин жигтэй шинж тэмдгүүд илрэх боллоо. Ингэх бүртээ эхнэр Э маань намайг орхих вий гэж айх боллоо." -Ч.Дарвин

Ганц энэ захиагаар ч хязгаарлагдахгүй гэдгийг 30 жил ихэнх цагаа өөрийн өвчний тухай бичиж, эмчтэйгээ харьцахад зориулсан, судалгаа шинжилгээний ажлаа орхигдуулахад ч хүргэсэн гэдгээр нь мэдэх боломжтой. Тэрээр 28 наснаасаа хойш сэтгэцийн өвчинтэйгөө тасралтгүй тэмцсэн юм.

Чапмэн эмчийн тодорхойлсноор ихэнх суут сэтгэгчид оюун ухаан, бие махбодийн хоорондох зөрчлөөс үүдэлтэй сэтгэцийн нарийн төвөгтэй өвчнөөр шаналах тохиолдол цөөнгүй гэж үзэж байв. Дарвин эмчийнхээ зөвлөснөөр эмчилгээ хийлгэж байсан ч ямар нэгэн үр дүнд хүрсэнгүй. Гэсэн ч өвчнийх нь тухай мэдэж, зовиурыг нь ойлгох хүн байсанд Дарвин машид талархаж байснаа өдрийн тэмдэглэлдээ бичин үлдээжээ.

Уг эрхэм хэдий сэтгэцийн өвчнөөр шаналж байсан ч байгалийн шалгарлын дүнд биологийн шинэ зүйл үүсдэг гэх онолоороо биологийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах гэсэн түүний нөр их хөдөлмөрийг ч мөн адил үнэлэх хэрэгтэй гэж бодном...

426 views0 comments

Comments


bottom of page