Орчлонд төөрсөн дэлхий - Зохиолч Билл Брайсон (номын товчлол)
I бүлэг
Шөнийн тэнгэрт түм бумаараа гялалзах оддын дор хүн төрөлхтөн даруй 4,5 тэрбум жилийг ардаа үджээ. Асар их хугацаа юм шиг хэрнээ зах хязгааргүй орчлонгийн үүсэлтэй харьцуулахад хумхын тоос болохыг та удахгүй мэдэх болно.
Нэг таамаглал авч үзье. Орчлон эхэндээ ганцаардмал, орон зай, цаг хугацааны талаар яриад ч хэрэггүй “ганцдал” байсан бөгөөд хүн бүрийн мэдэх ИХ ТЭСРЭЛТ-ийн үр дүнд бүх зүйл эхэлсэн хэмээн судлаачид үздэг. Ганцдал гэдэг нь орчлонд байж болох бүхий л материудыг нэгэн жижиг цэгт багтаасныг хэлнэ. Их тэсрэлтийг шууд утгаар тэсрэлт гэж ойлгох нь учир дутагдалтай. Бодит байдал дээр нүд ирмэх зуурт орчлон тэлж сая, тэрбум км орон зайг бий болгосон. Хүчилтөрөгч аппаратаар зүйрлэвэл тэлээд буцаж шахагдах давтамжийн нэг ч байж болох юм.
Оргүй хоосноос үүссэн орчлонгийн үүслийн тухай тайлбарлах нь ургуулан бодох чадварыг маань дээд цэгт хүргэж буйг нуух юун. Ямартай ч орчлон тэлэх үед орон зай үүсэх ба түүнээс өөр орон зай байхгүй. Асар уудам орон зай тал бүр тийшээ тэлж байх зуур физикийн гол хүчнүүд, соронзон хүч, таталцлын хүч бий болж, 10 тэрбум хэмийн их халуунаас гадна цөмийн урвалаас үүдэлтэй устөрөгч, гели, лити зэрэг хөнгөн элементүүд үүсчээ. Үүний дараа юмсыг бүрдүүлэгч өнгөрмөц бөөмсүүд, фотон, протон, электрон, нейтронгэх мэт зүйлс 10-79 –өөс 10-89 секундын хооронд үүсчээ.
Гуравхан минутын дотор бүх орчлонгийн 98% бүтээгдсэн гэхэд таны санаанд багтах ч үгүй биз. Гэхдээ тийм л зүйл болсныг шинжлэх ухаанд мэдэгдэж буй загвар болох Их Тэсрэлтийн онол үзэж байна. Сансар судлаачид уг үйл явдлыг ойролцоогоор 13,7 тэрбум жилийн өмнө болсон гэдэгт санал нэгддэг. Гэхдээ нарийвчлан тогтоох арга үгүй учир шинжлэх ухаанд орчлон үүссэн агшинг t=0 гэж томъёолжээ. Английн астрономич Мартин Риз “Тус бүртээ өөр өөр шинж чанар, комбинацитай, хязгааргүй тооны орчлон бий. Оршин байх нөхцөл бүрдсэн тийм нэг л орчлонд амьдарч байгаа бололтой” хэмээн өгүүлсэн нь хэрвээ энэ бүхэн бүрэлдэн бий болох тохироо үүсээгүй бол хов хоосон хэвээр, чи бид үүнийг ойлгох гэж толгойгоо өвтгөх шалтгаан үгүй байсан байх.
Гайхалтай нь өчүүхэн магадлалтай дээрх үйл явдал маш зүй зохистой явагдан үр дүнд нь энэ тухай бичиж сууна даа. Цаашдаа таталцлын хүч арай их болоод орон зайг тулан зогсоож буцаан дотогшоо агшааж, дахин өөр нэг “ганцдал” үүсэж хаалттай орчлонг үүсгэж магадгүй. Эсвэл таталцлын хүч буурч орчлон үүрд тэлж ч болох юм.Үүнийг нээлттэй орчлон гэдэг. Сүүлийн хувилбар нь таталцлын хүч яг төгс тэнцвэржиж юмс тэр чигтээ гацаж болох юм. Сансар судлаачид үүнийг “алтан дундаж” буюу “Голдилок эффект” гэж нэрлэдэг. Өөрөөр бол хавтгай орчлон.
Бидний хувьд орчлон гэж ертөнц үүссэнээс хойш гэрэл хүрсэн тэр орон зайг хэлдэг. Тэрхүү орон зай нь саяын саяын саяын сая (24 тэгтэй) миль өргөнтэй! Магадгүй хязгааргүй уудам биз ээ. Төсөөлшгүй урт удаан хугацааны хувьслын түүхийг дэндүү богино болгон тайлбарласан бол намайг өршөөнө үү. Орчлон ертөнцийн тухай нийтлэл маань энэ хүрээд өндөрлөж байгаа ч эхлэл нь гэдгийг та ойлгосон байх. Тиймээс энэ хүртэл надтай цуг аяласанд баярлалаа.
Удахгүй уулзъя.
Комментарии