top of page
Writer's pictureEnkhmaa Byambakhuu

Тархи угаагч Эдвард Бернейс

Updated: Dec 17, 2020

1954 оны 6-р сард Гватемалын Бүгд Найрамдах улсад томоохон төрийн эргэлт болов. Уг зэвсэгт мөргөлдөөний гол зорилго нь ЗХУ-ын гар хөл болсон төрийн тэргүүнээ унагаах байсан юм. Тус улсын Коммунист ерөнхийлөгч Хакобо Арбенс Гусман улсаасаа оргон зайлснаар дайнаас хойшхи коммунизмын эсрэг амжилттай тэмцсэн анхны хөдөлгөөн гэх мэдээллүүд АНУ-д өргөн тархжээ. Гэвч ардчилал, хүний эрхийн төлөө тэмцсэн Гватемалийн босогчид үнэн хэрэгтээ АНУ-ын Тагнуулын ерөнхий газраас санхүүжүүлэн бэлтгэгдсэн захиалгат цэргүүд байв. Энэхүү төрийн эргэлт гаднаас найруулсан жүжиг байсан төдийгүй олон нийтийн санаа бодолд нөлөөлөх замаар ашиг хонжоо олох далд зорилготой байлаа.

Үүний үр дүнд эрх мэдлийн төлөөх эмх замбараагүй байдал үүсэж, 30-н жил үргэлжилсэн иргэний дайны эхлэл тавигджээ. Энэ бүх үйл явдлын цаана ПР буюу олон нийтийн харилцааны ойлголтыг үндэслэгч Э. Бернейс байв. Тэрээр сэтгэл судлаач З.Фрейдын сэтгэц задлан шинжлэлийн онолын үндсэн санаан дээр тулгуурлан олон нийтийн итгэл үнэмшил, санаа бодолд нөлөөлөх, цаашлаад зан үйлийг нь хүртэл өөрчлөх боломжтой болохыг батлан харуулжээ. Ингэхдээ бие хүний ухамсарт бус үйл олон түмэн дунд орох үедээ хэрхэн хяналтаас гарч болохыг ажиглах боломжтой гэж үзжээ (Монголд бол 7-р сарын 1-ны үйл явдлаар жишээлэн тайлбарлаж болно).

Эдвард Бернейс 1891 оны 11 сарын 22 нд Австрийн Венна хотод төрсөн. Олон нийттэй харилцах мэргэжлийн зөвлөх гэх ойлголтыг анх гаргаж ирснээрээ Америкт алдаршсан эрхэм юм.

Сонирхуулж хэлэхэд тэрээр сэтгэл судлалын шинжлэх ухааны эцэг гэгддэг Зигмунд Фрейдийн үеэл бөгөөд түүний ээж нь алдарт сэтгэл судлаачийн эгч нь байжээ. Түүнийг 1 настайд нь гэр бүлээрээ Нью-Йорк хотод суурьших үед З.Фрейд "психоанализийн онол"-ынхоо ажлыг боловсруулж байсан гэдэг. 1912 онд Корнелийн их сургуулийг хөдөө аж ахуйн чиглэлээр хамгаалан төгссөн. Дэлхийн I дайны дараа өөрийн эхнэр Дорис Флейшмантай хамтран олон нийттэй харилцах оффисоо нээсэн байдаг. Тэдний анхны ажил нь АНУ-ын Засгийн газар дахь Дайны хэлтэсийн захиалгаар Литвийн Засгийн газрыг унагаах ажиллагаа байсан юм (Түүний ажил амжилттай бүтсэн нь нөгөө айхтар онолтой холбоотой шүү дээ).

1929 онд Э.Бэрнейс барааны асар их үйлдвэрлэлийг хүмүүсийн далд ухамсаргүй дэх хүсэл эрмэлзлэлүүдтэй нь холбож өгөх замаар үнэн хэрэгтээ тэдгээр хүмүүст огт хэрэгцээгүй эд зүйлсийг хэрхэн албадан хүсүүлж болохыг Америкийн корпорациудад үзүүлсэн юм (Болор, 2012).

Үүний нэг жишээ нь эмэгтэйчүүдэд тамхи татах нь эрх чөлөөт байдлын бэлгэ тэмдэг хэмээн итгүүлж чадсан үйл явдал байв. Энэ мэтчилэн Бернейс суртал ухуулгаар дамжуулан нийгмийн санаа бодолд нөлөөлөх олон үйл ажиллагааны ард байв. Олон нийтийг байнга хянаж, тэдний юу хүсч буйг мэдэх зорилготой энэхүү зарчим мэдээллийн хэрэгслээр дамжуулан улам хүчтэй болсныг олон жишээнээс харах боломжтой (реклам, зар сурталчилгаа, инстаграмын инфлиенсерүүд гэх мэт).

Бернейсийн тухай ярьж байгаа бол манипуляци, пропоганда (сүүлдээ олон нийтийн харилцаа, өөр юу юу ч боллоо доо), итгэл үнэмшлийн тухай дурьдалгүй өнгөрч болохгүй. Эдгээрийн тусламжтайгаар л бид тархидуулчаад байдаг юм шүү дээ.

-Манипуляци (manipulation) буюу шилжсэн утгаар нь хүмүүс эсвэл эд зүйлс, юмст эв дүйтэй, шаламгай аргаар хандан харилцаж, далд байдлаар нөлөөлөх, удирдах гэсэн утгатай хэмээн тайлбарласан байдаг. Мөн өөр хүнд түүний жинхэнэ хүсэл эрмэлзлэлд үл нийцэх санаа бодол үүсгэж бий болоход хүргэдэг сэтгэл зүйн нөлөөллийн төрлийг чадамгай үйлдэж гүйцэтгэх явдал ч гэдэг.

-Пропоганда нь хүмүүсийн үзэл бодолд нөлөөлсөн, тэднийг өдөөсөн мэдээллийг тараах, түгээх явдал юм. Уг нэр томъёо улс төр, тэр дундаа аллага, хүчирхийллийн шинжтэй бүхий л үйл явдлыг илэрхийлж байсан нь өөр үгээр орлуулахад хүргэсэн. Энэ нь "олон нийтийн харилцаа" байв.

Түүний гаргаж ирсэн олон нийтийн харилцаа гэх нэр томъёо нь хүний ухамсаргүй дэх хүсэл, бүлгийн сэтгэл судлал дээр суурилсан шинжлэх ухааны зарчим бөгөөд олон түмний санаа бодлыг удирдахад чиглэсэн байдаг. Э. Бэрнейс “Public relations” номондоо уг нэр томъёог 3-н утгаар ашиглана хэмээн бичсэн нь:

1. Олон нийтэд мэдээлэх өгөх,

2. Итгэл үнэмшлийг чиглүүлэх замаар олон нийтийн хандлага, үйл байдлыг нь өөрчлөх,

3. Хамт олны хандлага, үйл байдлыг нь нэгдмэл болгох замаар олон нийтийг нэг системд хамааруулах зэрэг байв.

-Итгэл үнэмшлийг ямар ухагдахуунтай холбон тайлбарлахаас шалтгаалан нийгмийн зарим асуудлыг хөндөх боломжтой. Энэ нь итгэл үнэмшил гэх ойлголтын хүрээ өргөн гэдгийг давхар илтгэж буй хэрэг юм. Итгэл үнэмшил нь бодит байдлын янз бүрийн хүрээг хамардаг. Тиймдээ ч энэхүү ойлголтыг ёс суртахууны, шинжлэх ухааны гэх зэргээр ангилж болдог байна.

Ёс суртахууны итгэл үнэмшил нь нийгэмд бие хүн болж төлөвших тухай асуудлуудыг илтгэдэг. Харин шинжлэх ухааны итгэл үнэмшил нь тухайн хүнд үнэн зөв мэдлэг, зөв итгэл үнэмшил төлөвших тухайд яригддаг. Хүн аливаа зүйлийг үнэн зөв, бодитой гэж итгэж хүлээж авсан тэр үед үнэмшил бий болно. Ингэснээр аливаа үйл ажиллагаагаа явуулж чаддаг. Ямар нэгэн бодит үзэгдлийн тухай хүний мэдлэг, бодол оюун санааны илрэл ч болдог хүчтэй эд.

Үндэстэн дамнасан корпорациудын имиж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний бренд чанар, кино урлаг, утга зохиол, шоу, бизнесийн салбарын одууд, нэр нөлөө бүхий улс төрч, нийгмийн зүтгэлтнүүдийн талаарх олон нийтийн үнэлэмж нь эцсийн дүндээ Э. Бернейсийн бий болгосон бүтээл.

Дайн тулаан, хямралын нийгмээс хүнлэг, хүний эрхийг дээдэлсэн чөлөөт нийгэмд ч олон түмний сэтгэл зүйг хянаж, хүссэндээ хүрэх боломжтойг Бернейс аль хэзээний батлаад хэрэгжүүлчихсэн. Хэн ч үүнээс нь ангид байж чадахгүй гээд бод доо. Өөр зөндөө зүйлийг энд бичилгүй үлдээлээ. Тэгээд шүүн тунгаана биз ээ...

119 views0 comments

Comments


bottom of page