top of page
Writer's pictureEnkhmaa Byambakhuu

Нейрополитик > Улс төр

Нэгдүгээр хэсэг

Нейрополитик: тархи судлал ба улс төрийн харилцан үйлчлэлийг судалдаг салбар дундын шинжлэх ухаан. Уг салбар нь мэдрэл судлал, улс төр, сэтгэл судлал, зан үйлийн генетик, приматологи, этологи гэх мэт салбаруудын цогц бөгөөд судлах хүрээ нь ч өргөн болохыг та ойлгож байгаа биз ээ.

Улс төрийн шийдвэр гаргах, улс төрийн үзэл/суртлын хандлагыг бүрдүүлэх, улс төрчдийг үнэлэх, улс төрийн нам эвсэлд хандах сонгогчдын хандлага, олон нийтийн сонголтыг урьдчилан таамаглах зэрэгт хариулт өгөх нь нейрополитик судалгааны гол чиг үүрэг юм.

Түүх: Нейрополитикийн онолын үндэс суурь нь суут сэтгэгчид болох Платон, Жон Локоос эхлэлтэй.


  1. Платон: "Бүх юмны үндэс, мөн чанар нь идея буюу үзэл санаа юм." Түүний улс төрийн үзэл баримтлал нь үл гүйцэлдэх, хийсвэр шинжтэй ч тухайн үеийнхээ улс төрийн бодит баримтаас үүдэлтэй хэмээн зарим судлаачид үздэг.

  2. Ж.Локк: Тэрээр байгалийн ухаан, анагаах ухаан, улс төр, эдийн засаг, сурган хүмүүжүүлэх ухаан, шашин г.м олон салбараар суралцаж байсан. Хувь хүний эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдна гэсэн санаа нь Америкийн улс төрийн тунхагт хүртэл тусгагдсан байдаг. Эмпиризм, либерализмийн нэрт төлөөлөгч юм.


Уг хоёр эрхмийн хүний оюун ухааны туршлагын тухайд авч үзсэн идеал, рациональ үзэл санаанууд нь улс төрийн философид чухал байр суурь эзэлдэг. Тэр дундаа оюун ухаан, танин мэдэхүй, туршлагын тухай дахь үзэл санаанууд нь орчин үеийн судалгааны ажлуудад чухал нөлөө үзүүлжээ.

Анхны нейрополитик судалгааны ажлыг Рожер Сперригээр ахлуулсан баг 1979 онд хийж байв. Судалгаанд split-brain синдромтой хүмүүс оролцсон бөгөөд улс төрчдийн зургийг нэг дор харуулан, тухайн улс төрчийг сайн гэж боддог бол "эрхий хуруу дээшээ", муу гэж боддог бол "эрхий хуруу доошоо" гэх дохио зангаа үзүүлэх даалгавар өгчээ.

  • Split-Brain syndrome [тархи хуваагдах синдром гэхээр эвгүй уншигдсан тул албан ёсны нэршлээр нь шууд бичсэн болно.] : Тархины баруун, зүүн талын бөмбөлөгийг холбогч гол төв гэмтсэнээр салангид байдлаар ажиллах нэг төрлийн эмгэг. Юмсыг танин мэдэх үед зүүн тархи, баруун тархи тус бүр өөр, өөр байдлаар хүртэж, хүлээж авах бөгөөд нэгдмэл бус хоёрдмол дүгнэлт гаргана гэсэн үг юм.)

Оролцогчид өөрсдийн харах өнцөг, улс төрчдийн хандлагад тулгуурлан хариултуудаа өгч байв. Жишээлбэл, Адолф Гитлер, Фидель Кастрод "эрхий хуруу доошоо" дохио зангаа үзүүлж байсан бол Уинстон Черчиль, Ричард Никсон нарт "эрхий хуруу дээшээ" дохио зангааг үзүүлсэн юм. Хэдий split-brain синдромтой ч оролцогчид ямар ч эргэлзээгүйгээр нэгдсэн дүгнэлт өгч чадсан нь улс төрийн хандлага, ойлголтыг судлахад ихээр нөлөөлжээ. Нөгөөтэйгүүр улс төрчдийг үнэлэх олон нийтийн үнэлэмж, бодол санааг олж мэдэх нь судлаачдад сонирхолтой санагдаж эхлэх нь тэр. Ингээд тархи ба улс төрийн хоорондын харилцааг системчилэх судлаачдын тоо нэмэгдэж, нейрополитикийн салбар улс төрд чухал ач холбогдолтой болсон юм. Үүнээс Уиллиам Конноли тэргүүтэй улс төр судлаачдын танин мэдэхүйн онол дээр суурилсан сэтгэл зүйн байдал, нөлөөлөл, итгэл үнэмшлээс бүрдэх загвар нь анхаарал татахуйц болж чаджээ.

Өнөөгийн нөхцөл байдал: Нейрополитикийн судалгаанд MRI төхөөрөмжийг ашиглаж улс төрийн мэдлэгтэй болон мэдлэггүй хүмүүсийн тархины үйл ажиллагааны ялгааг ч судалдаг гэнэ. Нэг үгээр бол улс төрд хандах тархины хариу үйлдлийг урьдчилж мэдсэнээр эцсийн шийдвэр гаргалтанд нөлөөлж болох юм. /Итгэл үнэмшлийн сэтгэл зүй сэдвийг уншвал илүү ойлгомжтой байх/ Судлаач Змигродын хийсэн 2 долоо хоногийн хэцүүхэн туршилтын үр дүн нь либерал, консерватив тархитай хүн гэж байхгүй, тэгэхээр аль ч намын гишүүнийг эсрэг намын дэмжигч болгох боломжтойг харуулсан байдаг.


Хүний улс төрд үзүүлэх нөлөө болон эргээд улс төрийн хүнд нөлөөлөх үзэгдэл нарийн төвөгтэй. Гэхдээ хэн ч үүнд хамааралгүйгээр амьдарч чаддаггүй нь сонин. Энгийн, тайван амьдрахад эд хөрөнгө, нийгмийн байр суурь, аюулгүй байдал гэх мэт үнэт зүйлс зайлшгүй шаардлагатай болно. Харин эдгээр зүйлс нь улс төрийн системийн үйл ажиллагааны үр дүнд хувиарлагддаг учир ямар ч хүн түүний нөлөөнөөс зугатах боломжгүй. Орчин үед нүүрний кодчилол, биеийн байдлыг хянах электрон төхөөрөмж, тархины зураг г.м техник төхөөрөмжүүд маркетинг, бренд хөгжүүлэлтээс хальж улс төрийн зорилгоор ашиглагдах болсон. Энэ нь сонголт хийх нарийн төвөгтэй үйл явцыг хянах, өөрчлөх, нөлөөлөх гэх мэт санаанд оромгүй нөхцлийг бүрдүүлж байна. Ололт гэх үү, гай зовлон гэх үү... Ямартай ч улс төрийн дээр нейрополитик оршиж байгаа энэ цагт сайн, муу улс төрч бус дээрх төхөөрөмжүүдийг ашиглаж чадсан нь л төрийн эрхэнд суух нь ээ!

44 views0 comments

Comments


bottom of page