top of page
Writer's pictureEnkhmaa Byambakhuu

Сонгогчид тэнэг биш!

Сонгогчдын цөөн хэсэг нь л асуудал нэг бүрийг ухамсартайгаар авч үздэг (Ганболд, 2014). Аль ч орны сонгогчид тухайн цаг үед улс орны хэмжээнд болон өөрт хамаатай асуудлуудаар улс төрийн намууд, нэр дэвшигчид ямар байр суурь баримталж буйг сонирхон ханддаг. Олны сэтгэл эмзэглүүлсэн, анхаарал татсан, тулгамдсан асуудлуудаар улс төрийн хүчнүүд ямар байр суурьтай байж, шийдвэрлэх арга замаа хэрхэн тодорхойлж байгаа нь сонгогчдын үйл байдалд нөлөөлдөг. Жишээлбэл, УИХ-ын 2000 оны сонгуулийн үед авлигал, хээл хахууль, өмч хувьчлал, үндэсний үйлдвэрлэл зэрэг олон асуудлуудыг сонгогчид анхааран сонирхож, тухайн асуудлаар өөрсдийн гэсэн бодолтой байж улс төрийн намууд, нэр дэвшигчид ямар байр суурьтай байгаа зэрэгт үндэслэн сонголтоо хийж байв. Сонгуулийн энэ хүчин зүйлийн үйлчлэл нь нэг талаас “сонгогч тэнэг биш”, нөгөө талаас “төр олон түмний бүхий л хүслийг биелүүлэх боломжгүй” гэсэн хоёр ойлголтын харилцан үйлчлэлээр тодорхойлогддог байна.

Судлаачид санал өгөх нь “би төвт үзэл”-ийг илэрхийлэх нэг хэлбэр болдог гэж үздэг. Америкийн зарим сонгогчид өөрсдийн нэртэй ижил, аль эсвэл өөрсөдтэйгөө ижил хотод төрсөн зэрэг шалгуураар саналаа хэнд өгөхөө шийддэг гэсэн байна. Манай улсад ч нэг нутаг усны хүн хэмээн бодож шийдвэрээ гаргадаг сонгогчид цөөнгүй. Энэхүү сэтгэл зүйн механизмыг сэтгэл судлаачид “сонгогчдын төөрөгдөл” гэж авч үздэг. Бидний ухамсартай шийдвэр гаргалтууд ухамсаргүй дахь бодол, сэтгэл хөдлөлийн үр дүн юм. Энэ тухай Стэнфордын их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор, судлаач Жон Кросник нарийн судалсан байна. Түүний үзсэнээр “хүний бүхий л сонголт, шийдвэр гаргалт нь ухамсаргүйн тусгал” гэжээ.

Сонгогчид бол нийгмийн хамгийн хариуцлагатай хэсэг. Энэ ойлголт нь бөөн түмэн гэх бүтцийн нэг хэлбэр бөгөөд уламжлал, зан заншил, өөрийн соёл гэж үгүй, гэнэт үүсэж, хурдан сарнидаг. Оросын шинжлэх ухааны академич Б. Ф. Поршнев “бөөгнөрсөн олон хүн бол аль нэг хандлагыг “түргэсгэгч” хэрэгсэл юм” хэмээн тодорхойлжээ. Бөөн түмэн дотроо хөөрсөн түмэн, хөлхөгдөгч түмэн, үзэгч, сонсогч түмэн гэх хэд хэдэн бүтцээс тогтдог байна. Нийгмийн аливаа үзэгдэл, үйл явцад үзүүлэх бөөн түмний хариу үйлдлээс шалтгаалан эдгээр бүлгүүд түр зуурын шинжтэй үүсдэг байна. Мөн зорилгоосоо хамааран үйлдэлд автаж орон зай, цаг хугацааны хувьд хаа нэгтээ, хэзээ нэгэн үед хүмүүс цугларан бөөгнөрдөг үзэгдэл хэмээн тодорхойлогддог. Үүнд хамаарагдах сонгогч түмэн нь ард түмэн гэх нэрийн өмнөөс шат шатны төрийн эрх баригчдыг олж гаргах үүрэгтэй. Сонгогч түмэн тухайн цагтаа үүргээ гүйцэтгээд сарнидгаараа бөөн түмний нэг илрэл болдог. Учир нь сонгууль болоход сонгогч түмэн үүсэж, сонгууль дуусахаар сонгогч түмэн санал өгөгч гэдэг ойлголтын хувьд яригдахаа больдог байна. Хүн улс төрийн аливаа үзэгдэл, үйл явдалд сэтгэл хөдлөлийн үүднээс хандаж түүнийг сайшаах, дэмжих, эсэргүүцэх, дургүйцэх зэрэг янз бүрийн байдлыг гаргадаг. Ард түмнийг төлөөлөн гарч ирсэн улс төрч нийтийн эрх ашгийг үл хүндэтгэн, шударга бус үйлдлийг удаа дараа гаргасан тохиолдолд эсэргүүцэлтэй тулгарах нь зайлшгүй хэрэг.

Нийгмийн хэрэгцээ болоод хувь хүний хэрэгцээ үргэлж тэмцэлдэж байдаг. Хүнд амиа хичээсэн адгууслаг хүсэл байхад нийгмийн хэрэгцээ шаардлагаар бусдын төлөө амьдрах альтруист (бусдын төлөө өөрийгөө зориулах сэтгэл) чанар зэрэгцэн оршдог (Энхтүшиг, 2019). Хүмүүс эхлээд өөрийн хэрэгцээг хангахыг эрмэлздэг бөгөөд эцэст нь цаг боломж байвал үйл хэрэгт зүтгэдэг. Иймд хувийн эрх бол анхдагч шинжтэй, нийгмийн ашиг сонирхол хоёрдогч зүйл болдог хэмээн Т. Гоббс тайлбарласан байдаг

(үүнтэй ч санал нийлж байна).

Улс төрийн намуудын үзэл баримтлалд хандах хандлага, үнэт зүйлсийн баримжаа, тодорхой асуудлаархи байр суурь зэрэг сонгогчийн сэтгэл зүйд нөлөөлж буй бусад хүчин зүйлс бусдын нөлөөллийн оролцоотойгоор бүрэлддэг. Энд зөвхөн “бусдын шууд нөлөө” буюу сонгогч саналаа өгөхдөө бусдын үгийг дагах, бусдыг аялдах явдлыг ойлгох нь зүйтэй. Энэ талаар манай улсад 1990, 1992, 1993 онуудад явуулсан улс төрийн судалгааны дүнгээс харахад судалгаанд хамрагдагсдын 5 хүн тутмын нэг нь бусдыг дагалдан санал өгдөг гэдгээ хүлээн зөвшөөрснийг судлаачид тайлбарлахдаа “бодит байдал дээр үүнээс олон байж болох юм, гэвч сонгогчдын боловсрол нэмэгдэх тусам багасна” гэжээ. Хүсэл сонирхлоо илэрхийлэх нь нийгмийн нөлөөллийн норматив, хүлээн зөвшөөрүүлэх нь мэдээллийн хэлбэр болохыг Калифорнийн Их Сургуулийн профессор Харольд Гэрард, Колумбын Их Сургуулийн профессор Мортон Дойч нар судалгааныхаа үр дүнд тодорхойлсон.

Сонгогч түмний санал хүсэлтийн дагуу төрийн шийдвэр гарч байх явдал нь ардчиллын тулгуур ойлголт болж өгдөг. Гэтэл эрх баригч нам, гишүүд хэдхэн сарын өмнөөс амласан амлалтаа биелүүлсэн мэт өнгөц ажлуудаар ард түмний амыг хаахыг оролдож байна. Энэ нь олны дургүйцлийг ихэд хүргэхийн сацуу сонгогчид нийгэм, улс төр лүү чиглэсэн сөрөг зан үйлийг хийхэд хүргэж байгааг харж болно.

72 views0 comments

Comments


bottom of page