top of page
Writer's pictureEnkhmaa Byambakhuu

Сансрын сэтгэл судлаач гэж хэн бэ?

Updated: Aug 20, 2021

Сэтгэл судлал нь хүний сэтгэц, зан үйл, байдал тэдгээртэй холбогдох үйл явцыг шинжлэх ухааны арга зүйн тусламжтайгаар задлан шинжилдэг бие даасан шинжлэх ухаан. Түүнчлэн ой тогтоолт, сэтгэл хөдлөл, сэдэл гэх мэт сэтгэл зүйн бүрдэл хэсгүүдийг яаж өөрчлөгддийг ойлгохын тулд бүхий л анхаарлаа хандуулдаг.

Цаашлаад бидний тархины үйл ажиллагаа нийгэм болоод мэдрэхүйн талаар мэдээллүүдийг хэрхэн боловсруулж, шийдвэр гаргадаг тухайд нарийвчлан судална. Үүгээр ч зогсохгүй олон салбаруудад хэрэглэгддэг.

Сансарт амьдарна гэхээр хэн бүхэнд сонирхолтой санагдаж болох ч сансрын нисгэгчид эрсдэлтэй нөхцөлд дасан зохицож үүрэг даалгавраа биелүүлэхийн тулд урт хугацааны хүнд бэлтгэл хийх шаардлагатай нүүр тулдаг байна. Уг бэлтгэл нь сэтгэл зүйн, логикийн, бие бялдрын хүч шаардсан даалгавруудаас бүрддэг. Тиймдээ ч тухайн хүний сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангахад сэтгэл судлаач гэх мэргэжилтний үүрэг оролцоо асар их юм.

Сансрын сэтгэл судлаачид сансар судлалын мэргэжилтнүүдэд зориулсан сэтгэл зүйн сургалтыг явуулахаас гадна багийн үйл ажиллагааг дэмжсэн олон төрлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Мөн сансарт амьдрах үед сэтгэцэд гарах өөрчлөлтүүд, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг тооцоолон гаргаж хариу арга хэмжээнд бэлтгэдэг байна. Дан ганц сэтгэл зүйн тест аваад, түүн дээр үндэслэсэн зөвлөгөө өгдөг гэж ойлгох нь том эндүүрэл. Үүнээс гадна тэд сансарт дасан зохицоход шаардлагатай сэтгэл зүйн бэлэн байдлын бүхий л тооцооллыг бодож гаргадаг.

Сансарт үүргээ гүйцэтгэх албан хаагчид тухайн гарагтай төстэй симуляцид байрлан бэлтгэлээ хийдэг тул сэтгэл судлаачид тэдгээр газруудад очин туршилт, судалгааны ажлаа явуулдаг. Тиймээс сансрын сэтгэл судлаачид ямар ч нөхцөлд ажиллах чадвартай байх ёстой. Салбарын мэргэжилтэн болохын тулд сэтгэл судлалын докторын (PhD) зэргээс гадна түүх, биологи, сансар судлал, мэдрэл судлалын ерөнхий мэдлэгтэй байх шаардлагатай.

Сансар судлалын агентлагиуд ихэвчлэн судалгааны лабораторид ажилладаг, их сургуулийн судлаачидтай холбогдон сансрын төслүүдэд ажиллах санал тавьдаг. Энэ нь аливаа асуудлыг олж харан, мэдээлэл цуглуулан, дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах чадвартай, түүнээсээ тав тухыг мэдэрдэг хүмүүс л хэрэгтэй гэдгийн илэрхийлэл болдог юм байна.

Сансрын сэтгэл судлаачдаас:

  1. Харилцааны ур чадвар: Өөрийн туршилт, судалгааны ажлыг аман болон бичгээр бусдад ойлгуулах, илэрхийлэх чадвар өндөртэй байх,

  2. Багийн гол тоглогч байх чадвар: Бусдыг сонсох, ойлгох, туслах, хамтран ажиллах чадвартай байх,

  3. Хүсэл тэмүүлэлтэй байх чадвар: Бусдад урам зориг өгдөг шигээ өөрийгөө урамшуулах зоригтой байх,

  4. Эмпати: Анхаарч сонсох, тэдний юу мэдэрч байгааг ойлгож сонсох чадваруудыг давхар шаарддаг гэнэ.

Юмыг яаж мэдэхэв Монгол улсад сансрын нисгэгчийг бэлтгэх боломж, гарц нээгдэх ч юм бил үү? Тэрэнд бэлэн байхын тулд энэ салбарын мэргэжилтнүүд маань мэдээд авчихад илүүдэхгүй л байх болов уу даа.

Заа тэгээд Сансар судлал, Сэтгэл судлал Монголд хөгжихийн төлөө!

243 views0 comments

Comments


bottom of page