top of page
Writer's pictureEnkhmaa Byambakhuu

Итгэл үнэмшлийн сэтгэл зүй, түүнд нөлөөлөх хүчин зүйлс

Итгэл үнэмшлийг ямар ухагдахуунтай холбон тайлбарлахаас шалтгаалан нийгмийн зарим асуудлыг хөндөх боломжтой. Энэ нь итгэл үнэмшил гэх ойлголтын хүрээ өргөн гэдгийг давхар илтгэж буй хэрэг юм. Итгэл үнэмшил нь бодит байдлын янз бүрийн хүрээг хамардаг. Тиймдээ ч итгэл үнэмшлийг ёс суртахууны, шинжлэх ухааны гэх зэргээр ангилж болдог байна. Ёс суртахууны итгэл үнэмшил нь нийгэмд бие хүн болж төлөвших тухай асуудлууд илтгэдэг. Харин шинжлэх ухааны итгэл үнэмшил нь тухайн хүнд үнэн зөв мэдлэг, зөв итгэл үнэмшил төлөвших тухайд яригддаг. Хүн аливаа зүйлийг үнэн зөв, бодитой гэж итгэж хүлээж авсан тэр үед үнэмшил бий болно. Ингэснээр аливаа үйл ажиллагаагаа явуулж чаддаг. Ямар нэгэн бодит үзэгдлийн тухай хүний мэдлэг, бодол оюун санааны илрэл ч болдог байна.

Итгүүлэн үнэмшүүлэх ажлын сэтгэл зүйн үндэс: Итгэл үнэмшил өөртөө итгэдэг байх хэлбэр маягаар төлөвших боломжтой. Гэхдээ тэр үйл явц дам хэлбэрээр, тойруу замаар өөртөө үл итгэх, сэтгэлийн түгшүүрт автах, эргэлзэх, сэтгэл зовох, олон янзын бодол төсөөлөл зай завсаргүй толгойд эргэлдэх, айдас төрөх, өөрийгөө голох, хий хоосон санаашрах, гажуудуулах, харилцагчийнхаа ятгалганд орох зэрэг байдал бага багаар арилах байдлаар төлөвшиж болно гэж үздэг байна. Үүнийг дам байдлаар итгэл үнэмшил төлөвших гэдэг. Хүнийг өөртөө итгүүлэхийн тулд итгэмтгий, бусдын нөлөөнд амархан автагддаг, өрөвч зөөлөн занг нь хөдөлгөөнд оруулж, тэдний сэтгэлд урьд өмнө байгаагүй шинэ соргог өөдрөг мэдрэмжийг төрүүлэх хэрэгтэй.

Итгэл нь ямар нэгэн юманд хүрэх, түүнийг бодитой батлахад хүргэдэг шийдвэртэй байдал. Нийгмийн сэтгэл судлалд итгэл үнэмшлийг мэдээллийн, шүүмжлэлт, бүтцийн гэсэн хэд хэдэн үйлдлийг агуулсан сэтгэл зүйн үзэгдэл хэмээн тодорхойлсон байдаг. Хүний бодит байдалд хандах чиг хандлага, харьцаа нь итгэл үнэмшил юм. Хүний хэрэгцээтэй холбоотой сэтгэл санааны талын илрэл ч гэдэг.

Итгэл үнэмшлийн учир шалтгааныг гурван бүлэгт хуваан авч үзнэ. Үүнд:

1-р бүлэг: Маргашгүй үнэн болон итгүүлэх гэж байгаа хүний хувийн туршлага дээр үндэслэсэн шалтгаанууд,

2-р бүлэг: Тухайн зүйл ашиг тусаа өгөх эерэг шалтгаанууд,

3-р бүлэг: Сөрөг мэдээлэл зэрэг ордог болно.

Итгэл үнэмшил нь логик үндэслэл баталгааны тусламжтайгаар мэдээллийг хүлээн авч байгаа хүнийг өөртэйгөө адил санал дүгнэлтэнд хүргэх, зөвшөөрүүлэхэд чиглэсэн гол төлөв оюуны үйлдэл, нөлөөллийн цогц байдаг. Хэрэв хувь хүн бие дааж гаргасан шийдвэрээ үндэслэлтэй гэдгийг баталж, түүний эерэг болон сөрөг талуудыг нэг бүрчлэн гаргаж, өөр хувилбар, нөхцлүүдийг тооцоолж, үр дагаврыг нь урьдчилан харж чадаж байх юм бол итгүүлэн үнэмшүүлэх явц, мөн бие хүний итгэл үнэмшлийн төлөвшил зөв байна гэсэн үг. Цаашилбал, аливаа хүний хувьд маш олон төрлийн холбоо хамаарлыг мэдэх хэрэгтэй ч гэхдээ тэдгээр нь цогц шинжтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Итгэл үнэмшлийн талаарх сэтгэл судлалын онол, үзэл баримтлал:

Итгэл үнэмшил нь зан үйлийн үндэс суурь болдог. Тиймдээ ч итгэл үнэмшлийн талаар судлах нь ялгаварлан гадуурхалт, түрэмгий зан байдал, сэтгэгдэл бий болох, дуулгавартай байдал, бүлгийн шийдвэр гаргалт зэрэг нийгмийн сэтгэл судлалын ерөнхий суурь нь болж өгдөг.Хүнтэй ажиллах, хүний сэтгэл санааны байдлыг ойлгох, түүнд нөлөөлөхийн нэг чухал эх сурвалж нь түүний зан үйл, байр суурь, хандлагын цаана далд байдаг сэтгэл зүйн холбоог харж унших юм уу мэдэрч сурах явдал юм. Бусдад нөлөөлөх сэтгэл зүйн гол нөхцөл нь үр дүн өгөхүйц аргыг зөвхөн гадна талаас нь бэлтгэж, түүнийгээ санал болгох юм уу түүндээ бүрэн найдахад оршдоггүй. Хүний сэтгэл санаа, зан үйл таамаглахад бэрх, олон хувилбартай. Иймээс гадаад нөлөөллийн арга замуудаа тухайн хүний сэтгэл зүйн онцлог, хүлээлт, хэрэгцээ, сонирхол, зан үйлийн онцлог зэргээр баяжуулах хэрэгтэй. Ингэснээр аливаа асуудал шийдэгдэх нөхцөл бүрддэг байна.

1950 оны үед Йелийн их сургуулийн багш Карл Хоуланд болон түүний хамт ажиллагсад нөлөөллийн тухай анхны системт дүн шинжилгээг Йелийн харилцаа холбооны төсөл гэх нэрийн дор явуулж байжээ. Итгэл үнэмшлийг бий болгохын тулд хүлээн авагч нь мэдээллийг анхаарах, ойлгох, хадгалах, танин мэдэх шаардлагатай гэж дүгнэсэн. Нарийн төвөгтэй мэдээллийг хүмүүс ойлгохгүй учраас хүлээж авдаггүй. Тиймээс мэдээллийг энгийн байдлаар хялбарчилбал тухайн хүнд нөлөөлөх боломж ихэсдэг байна.

Итгэл үнэмшлийг ихэвчлэн шашин шүтлэгтэй холбоотойгоор авч үзэх нь элбэг. Энэ нь бусдын бодол санааг хангалттай хэмжээнд шүүн тунгааж, магадлан үзэхгүйгээр нөлөөлөл, сонирхол, уламжлал, ятгалга гэх мэт сэтгэл зүй, харилцан үйлчлэлийн нөлөөн дор хүлээн авах, дагаж мөрдөх зан үйлийг хэлдэг байна.

Харин шинжлэх ухааны салбарууд танин мэдэхүйн үйл явцын хүрээнд тодорхойлох оролдлогуудыг хийсээр ирсэн. Хүнд нөлөөлөх, хүмүүсийг өөртөө татах зорилгоор итгэл үнэмшил төрүүлэх, ятган үнэмшүүлэх, сэдэл сонирхол төрүүлэх баримт мэдээллийг зориуд бэлтгэх, нөлөөлөхүйц хүчтэй болгож тэдгээрийг цэгцлэх зэрэг нь адил төстэй үйл ажиллагааг шаарддаг. Тэдгээрийг үр дүнтэй шийдэх, сэтгэл зүйн талаас асуудалд хандахын гол ялгаа нь өөр зүйлд оршино.


57 views0 comments

Comments


bottom of page