Шинжлэх ухаан, техник технологийн ачаар хүн төрөлхтний хөгжил зогсолтгүй урагшилсаар байна. Өнөөдөр боломжгүй байсан зүйл маргааш нь л боломжтой болж байх жишээний.
Орчноо танин мэдэж, тохирсон үйлдлийг гүйцэтгэхдээ амжилтад хүрэх магадлалаа дээд зэрэгт хүргэхээр системчлэгдсэн роботууд машин угсрахаас хавь илүү зүйл хийдэг болсон.
Робот: Нарийн төвөгтэй үйлдлийг автоматаар гүйцэтгэх чадвартай машин. Гаднах хийцийн хувьд гүйцэтгэж байгаа үйл ажиллагаанаасаа хамааран янз бүр харагддаг. Сонирхуулахад дэлхийн анхны Humanoid буюу хүн төстэй роботыг Витингхаус 1939 онд бүтээж байсан бөгөөд түүний зохион бүтээсэн уг робот нь 700 гаруй үгийн сантай, ярьж чаддаг байжээ. Хөлөг онгоцонд бартендер робот зочдод коктейль найруулан өгч, зочид буудалд 19 хэлтэй робот жуулчдад хөтөч хийж, хуульч робот 24 цагаар иргэдэд хуулийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өөрөөр хэлбэл 20 жилийн дараа гэхэд хүнээс илүү роботууд ажлын байраар хангагдах нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Гэхдээ хиймэл оюун ухаант роботуудад хийсвэрлэн сэтгэх чадвар, нийгмийн тухай ойлголт байхгүй учраас бүтээлч байдал, хийсвэр сэтгэлгээ өндөр шаардагддаг ажил мэргэжлийг орлох боломж тун бага (Софияг энд дурьдах нь илүүц байх аа). Гэсэн ч тэдний оролцохгүй салбар, хийхгүй ажил гэж үгүй болж байгааг үгүйсгэх болохгүй юм.
2019 онд Оксфордын их сургуулийн эдийн засагч Карл Бенедикт Фрей, Майкл Осборн нарын хийсэн ирээдүйд роботуудын хийх ажил мэргэжлийн талаархи судалгааны үр дүнгээс харахад сэтгэл судлаачдыг орлох магадлал ердөө 0.43%-тай гэсэн байна. Чатбот үйлчилгээнүүдийн анхдагчид болох Cogniant, Woebot зэрэг хиймэл оюун ухаанд суурилсан сэтгэцийн эрүүл мэндийн програмууд гарч ирснээр энэхүү тоон үзүүлэлт нэмэгдэх хандлагатай болжээ. Эдгээр програмуудад танин мэдэхүйн зан үйлийн (CBT) эмчилгээний хөтөлбөр байгаа нь бие хүний сэтгэл зүйн байдалд дүн шинжилгээ хийх урьдач нөхцөл болж буй давуу талтай гэнэ. Үүгээр ч зогсохгүй хүн болон хиймэл оюун ухааны харилцаа холбоог зохицуулах шаардлага үүссэнээр робот сэтгэл судлаач (robot psychologist or robopsychologist) гэх ажлын байр, мэргэжилтнүүд бий болжээ. Шинэ нэр томъёо (миний хувьд) тул эндүү, ташаа бичсэнийг маань ойлгоорой. Заа ямартай ч робот сэтгэл судлаачийн гол үүрэг нь орчин үеийн сурах арга барил, шийдвэр гаргах алгоритмуудад дүн шинжилгээ хийж, бодит нөхцөл байдалд суурилсан зөвлөгөө өгөхөд анхаарч тохируулга хийхэд нь туслах юм. Нэг үгээр бол уламжлалт зөвлөгөөний арга техникийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хялбарчилна гэсэн үг. Түүнчлэн хиймэл оюун ухааныг ёс зүйн хэмжээтэй байлгах алгоритм зохион бүтээх чухал үүрэгтэй.
Мэдээж хүний сэтгэл зүйн онцлог, нөхцөл байдал, асуудалд тулгуурлан оновчтой үйлдэл хийх алгоритм зохионо гэдэг хэцүү. Тиймдээ ч үүний цаана ажилладаг хүмүүсийн ур чадварыг үнэлээд ч баршгүй билээ.
Одоогоор мэргэжлийн хүмүүсийг орлох хэмжээнд боловсронгуй болоогүй ч тийм болгохын тулд робосэтгэл судлаачид шаргуу ажиллаж байна. Орчин үеийн компаниуд хүртэл хиймэл оюун ухааны хөгжлийг мэдэж, судалгаа хийх чадвартай сэтгэл судлаачидтай байхыг эрмэлзэх болжээ. Гол зорилго нь хүн-төст роботыг бүтээж, хэрэглэгчдийн анхаарлыг өвөрмөц байдлаар татах, цаашлаад бараа бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх гэнэ. Тэгэхээр дан ганц сэтгэл зүйн тусламж үйлчилгээ биш техник технологи, бизнес, худалдаа үйлдвэрлэл зэрэг том салбаруудын огтлолцол дээр үүссэн бие даасан судлагдахуун гэдгийг гадарласан байх аа.
Гэхдээ үүнийг эсэргүүцэх Стифен Хокинг, Билл Гейтс, Элон Маск тэргүүтэй эрхмүүд байгаа нь хиймэл оюун ухаан хяналтаас гарвал юу ч болж магадгүйг сануулах шиг. Ямар эх сурвалжаас уншиж байснаа мартчихаж. Ямартай ч "хүний санаанд орохуйц эрүүл саруул юм дуусчихсан. Хүний санаанд багтамгүй солио гажуу юм л үлдсэн" гэх санаа шиг хиймэл оюун ухаан илүү боловсронгуй болоод бидний хүсэл, сонирхлыг эсэргүүцээд эхэлвэл юу болох бол?
(Бичих явцад нэг хачин бодол төрснөө мартахгүйн тулд энд бичээд үлдээчихье.)
Ирээдүйд хүний зохион бүтээсэн тэрхүү хиймэл оюун ухаантай үйлчлүүлэгч харилцаанд орох явцдаа контертрансференст орох боломжтой болов уу? Хиймэл оюун ухаанд ямар юмных нь өнгөрсөн цаг үе дэх сэтгэл зүйн бэрхшээлтэй харилцаа байхав дээ гэж бодсон ч хиймлээр тийм өгөгдөл үүсгээд ашиглачихвал яах вэ? ...
Comments