top of page
Writer's pictureEnkhmaa Byambakhuu

Magna Charta: Улс төрийн тогтолцоог өөрчилсөн түүх

1215 онд бичигдсэн “Эрх чөлөөний их харти1” нь латин хэлний “агуу бичээс” гэсэн үгнээс гаралтай бөгөөд хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг албан ёсны болгосон чухал баримт бичигт тооцогддог байна. Хэмжээлшгүй эрхэт хаанаас харц ардууд хүртэл хүн бүхэн дагаж мөрдөх ёстой гэх нэн тэргүүний утга агуулга тусгагдсан нь уг баримт бичгийн ач холбогдлын чухлыг илэрхийлж байгаа юм. Тухайн үедээ Английн ард түмэнд зарлан тунхаглаж “Магна Харти-н” хуулбарыг улс даяар тарааж байсан түүхтэй.

Олон жилийн турш үргэлжилсэн буруу засаглал, хэт их татвараас үүдэн газар тариаланч, нийгмийн доод давхаргын хүмүүс өөрсдөд нь ирэх хүнд ачааг цаашид хүлцэн тэвчихгүй гэдгээ илэрхийлж бослого, үймээн гарган эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэний үр дүнд ирээдүйн үндсэн хуульт төр улсын хөгжилд маш том нөлөө үзүүлжээ. Үр нөлөөг нь бичихээс урьтан энэ бүх үйл явдал хаанаас эхлэлтэйг олж мэдвэл илүү цэгцтэй болно гэж үзсэн тул 1066 онд Английг байлдан дагуулж байсан I Хэнри хааны тухай мэдэх шаардлага бий болов. I Хэнри Английг өөрийн мэдлийн болгосноор албат түшмэдүүд, сүм хийдүүдийг эзэмших болж хэмжээлшгүй эрх мэдлийг өөртөө болон өөрийн залгамжлагч нартаа өгсөн байна. Ингэснээр ард иргэдээс газар ашигласны татвар авах болж, I Ричард хааны үед (1189-99) Загалмайтны аян дайн, Францтай хийсэн дайны хор уршиг татвар нэмэгдэхэд нөлөөлж олны дургүйцлийг дээд цэгт нь хүргэжээ. Цаг үеийн байдал тун хэцүү байхад Жон Английн хаанд өргөмжлөгдөн олон сорилттой нүүр тулсан бөгөөд гадаад, дотоодын тэмцэл, зөрчлийг намжаахын тулд өмнөх үеийн хаадаас өөр байх хэрэгтэйг ойлгож эхлэв. Улс төрийн хямралын үед хаан хэмжээлшгүй эрх мэдлээсээ татгалзан хуульд захирагдах нь тухайн цаг үедээ маш чухал үр нөлөөтэй байсан нь гарцаагүй. Хаан болон эрх мэдлээ хэвээр байлгах хүсэлтэй ноёд, язгууртнууд дайтахад бэлэн байсан ч улс орны дорой байдал, үймээн самууны шахалтан дор нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэсэн байх гэсэн бодолд хүргэв. Ийнхүү хэдэн сар үргэлжилсэн хаан болон язгууртнууд, энгийн иргэдийн хоорондох хэлэлцээрийн үр дүн цаасан дээр буухад сонгодог парламентын үлгэр жишээ болсон Английн улс төрийн хөгжил хэд хэдэн шатаар ахисан юм. Анх батлагдсан цагаас хойш 1216, 1217, 1225 онуудад нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Түүнчлэн 1225 онд нэмэлт өөрчлөлт орох үед дан ганц хууль гэх утгатай биш, дарангуйллын эсрэг бэлгэ тэмдэг гэдгээр олноо танигджээ. 63 зүйл заалтаас өнөөг хүртэл 13, 39, 40-р зүйл заалтууд хүчинтэй хэвээр байна. Эдгээр зүйл заалтуудын гол санаа нь эрх чөлөөт хүний эрхэнд халдаж болохгүй тухай ба одоогийн Хүний эрхийн түгээмэл тунхаглалд бичигдсэн үндсэн санаа уламжлагдан ирснийг баталжээ.


Магна Харти-н одоогийн бидний мэдэх ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааны үндэс суурь ба тэгш эрх, шударга нийгмийг бүрдүүлэхэд ард түмний оролцоог чухалчилах болжээ. Үүн дотор баронууд[1] улсыг удирдах үйл хэрэгт оролцох эрхтэй, улсыг удирдаж буй хүмүүс насан туршдаа бус, ард түмний итгэлийг хүлээсэн хугацаандаа төрийг удирдах, хаанд бус хуульд захирагдах, бүх хүмүүс тэгш эрхтэй, хаан ганцаараа улсыг удирдах бус баронуудаас бүрдсэн “Хааны их хурал[2]” улсын хэргийг удирдахад оролцох зэрэг зүйл заалтууд багтсан байдаг нь одоогийн хууль эрх зүйн орчин, төрийн тогтолцоонд чухал нөлөөтэй хэвээр байгаа билээ. Тэгэхээр “Магна Харти” үндсэн хуульт ёсонд хэрхэн нөлөөлсөн болон гол ач холбогдлыг хэд хэдэн жишээ баримтаар авч үзье.

Англи улс, Хүний эрхийн баримт бичиг 1689: Дээр дурьдсан зүйл заалтууд XIV-XVII зууны Английн эрх зүйн чухал зарчмуудын үндэс суурь болсноос гадна цаашлаад Англи хэлтэй бусад улс орнуудад тархжээ.

АНУ, Тусгаар тогтнолын тунхаглал, Үндсэн хууль 1776: 1774 оны есдүгээр сарын 5-ны өдөр Филадельфид америкийн 12 колонийн төлөөлөгчид оролцсон Тивийн анхдугаар конгресс болж Английн хаанд колонийн сонирхлыг зөрчсөн хуулиудаа өөрчлөхийг шаарджээ. Гэсэн ч английн парламент, Георг III хаан үүнийг нь хүлээн авалгүй няцаасан байдаг. 1775 онд дайн эхэлсэн бөгөөд америкчууд зөвхөн өөрийн ашиг сонирхлын төлөө биш Английн эзэмшлээс бүрмөсөн гарах эрх чөлөөний төлөө тулалдсан байдаг. Ингэснээр ард түмний үг хэлэх, жагсаал цуглаан хийх, хувийн халдашгүй байдал, хувийн өмчийг хамгаалах зүйл заалттай “Тусгаар тогтнолын тунхаг”-г бий болгож чаджээ. Үндсэн хууль, хүний эрхийн тухай хуулинд Магна Харти-н үндсэн агуулга тэр чигтээ тусгагдсан байдаг.

Австралийн үндсэн хууль 1901: Магна Харти-н нөлөө дээр дурьдсанчилан англи хэлтэй улс орнуудад тархсан нэг жишээ нь Австралийн үндсэн хууль юм. Ялангуяа шударга ёс болон эрх чөлөөний тухай зүйл заалтууд Магна Харти-аас өвлөгдөн ирсэн байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал 1948 : Хүний эрх чөлөө, нэр төр, хуулийн өмнө эрх тэгш байх тухай заасан нь 800 жилийн өмнө бичигдсэн Магна Харти -н нөлөө одоо ч хүчтэй байгааг илтгэж байна.

“Магна Харти бол зөвхөн Английн ард түмний өмч биш, харин хуулийн дор эрх чөлөөнийхөө төлөө аль ч цаг үед, аль ч газар тэмцэж ирсэн, тэмцэж байгаа бүх хүн төрөлхтөний оюун санааны хөтөч, дэлхий ертөнцийг өөрчлөгч бөгөөд үзэл санаа нь шингээгүй эрх зүйн сурвалж бичгүүд байхгүй юм (Амаржаргал. П.).” гэдгийг эдгээр жишээ түүхэн баримтууд нотолж байна. Дан ганц эрх зүйн зарчмын үндэс суурь болоогүй бөгөөд төрийн тогтолцоог бүхэлд нь өөрчилж хүн төрөлхтний түүхэнд хэмжээлшгүй хаант засаглалыг “хүний эрхийг дээдэлсэн”, ард түмний төлөөллийг бий болгож шинэчилсэн нь өнөөдрийн дэлхийн дүр төрхийг бүтээж улс үндэстний амар тайван байдлыг бий болгожээ.


[1] Баронууд- Газрын эзэд

[2] Хааны их хурал- Магна Хартийг баталснаас 30 жилийн дараа буюу 1246 онд Эзэн хаан улсын хэргийг удирдахад туслах үүрэгтэй Хааны их хурлыг “парламент” гэж нэрлэх болжээ. Тухайн үед хуралд ард түмнээс сонгогдсон төлөөлөгч хараахан байдаггүй байв.


17 views0 comments

Opmerkingen


bottom of page