Бүх цаг үеийн хамгийн алдартай Нобелийн шагналтнуудын нэг, Итали-Америкийн физикч, зохион бүтээгч тэрээр 1901-09-29 нд Италийн Ром хотод мэндэлжээ. Түүний эцэг Алберто Ферми Засгийн газрын дэргэдэх төмөр замын ахлах байцаагч, ээж Айда де Гэттис нь сургуулийн багшаар ажилладаг байв.
1918 онд Ферми Пизагийн их сургуульд нэр хүндтэй тэтгэлэгт тэнцэн суралцсан нь тухайн үеийн физикийн мэдлэг нь профессеруудад ихээр үнэлэгдэж байсны илрэл юм. Түүнчлэн онолын болон туршилтын физикийн аль алинд нь чадварлаг цөөн эрдэмтдийн нэг байсан гэдэг. Цөмийн реактор, атом ба устөрөгчийн бөмбөг, цөмийн эрчим хүч, цөмийн зэвсэг бол Фермигийн нэрийг дэлхийд мөнхөлсөн бүтээлүүд.
1922 онд докторын зэргээ хамгаалан Италийн гадаад харилцааны яам, Рокфеллерийн сангийн тэтгэлгээр Герман улсад Макс Борны удирдлаган дор Геттингений их сургуульд, Нидерланд улсад Пол Эрренфестийн удирдлаган дор Лейдений улсын их сургуульд тус тус эрдэм шинжилгээний ажил хийжээ.
1924 онд Итали улсад эргэн очиж Флоренцийн их сургуульд физик-математикийн багшаар ажиллах болов. Ингэх үедээ нэгэн чухал судалгааны ажил бичсэн нь 1926 онд Ромын их сургуульд "профессор" болох урилгыг түүнд авчирсан гэдэг. Энэ нь Английн физикч Пол Дирактай хамтарсан судалгаа болох фермионы тухай байсан юм.
Фермион:
Бидний мэдэх бүхий л юмс атомоос бүтдэг. Уншиж байгаа ном, харж байгаа од, амьдарч байгаа байшин гээд л... Энэ бүхэн нүдэнд үл үзэгдэх эгэл бөөмсийн тусламжтайгаар бий болдог байна. Атом өөрөө цөм, цөмийг бүрэлдүүлэгч протон, нейтроноос бүрдэнэ.
Харин протон, нейтроныг маш жижиг хэсэгт хуваагдах кварк бүрдүүлдэг. Эдгээр нь бүхэлдээ фермионы ангилалд хамаарагддаг байна.
Фермионууд хоорондоо мэдээлэл солилцох бүтэцтэй. Ингэснээр тодорхой хөдөлгөөн хийж өөрчлөгддөг. Товчоор хэлбэл дэлхий дээрх бүхий л үйл явдал эдгээр эгэл бөөмсийн харилцан үйлчлэлийн үр дүн юм.
Фермионууд хоорондоо мэдээ дамжуулах онцгой эгэл бөөмстэй бөгөөд үүнийг бозон гэнэ. Тэгэхээр ертөнцийг бий болгогч эгэл бөөмс нь фермион, аль эсвэл бозон болж таарлаа.
Ингэж Э.Ферми атомын дэд хэсгүүдэд захирагдах бие даасан шинэ статистик томъёоллыг боловсруулж, дээр тайлбарласан фермионийг бидэнд анх танилцуулсан юм. Уг судалгааны ажил нь цөмийн физикийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн тооцогддог.
1929 онд Италийн анхны онолын физикч болж Европын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн зөвхөн түүнд зориулсан цалингийн шатлалыг бий болгож байв. Э.Ферми улс төрийг төдийлөн сонирхдоггүй байсан ч улсынхаа фашист үзэл сурталд шүүмжлэлтэй ханддаг байсан нь хожим АНУ-д суурьшин амьдрахад хүргэжээ. Ингээд Нью-Йорк хотын Колумбын их сургуульд ажиллаж эхлэв. Ажиллах хугацаандаа ураны талаар онцгойлон судалж байсан нь атомын тоосонцор цаашлаад цөмийн физикийн хөгжилд чухал нөлөө үзүүлсэн юм.
1938 онд цөмийн реактор бүтээснээр Нобелийн шагналыг хүртсэн байна. Үүний ачаар цөмийн бөмбөгийг цэрэг дайны зориулалтаас гадна эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг болжээ.
Түүний хамгийн сүүлд анхаарах болсон сэдэв нь харийн соёл иргэншлийн тухай байдаг. Хорвоо ертөнцийн орон зай, цаг хугацаа асар их ч харийнхны тухай одоог хүртэл яагаад мэдэхгүй байгаа талаар асуусан нь эрдэмтдийн сонирхлыг ихэд татсан юм. Энэ талаар фермийн парадокс илүү ойлгомжтой тайлбарласан.
Фермигээс өмнө олон эрдэмтэд энэ тухай хэлэлцүүлэг өрнүүлж байсан. Гэхдээ хангалттай нотолгоогүйгээр олигтой үр дүнд хүрч байсангүй. Оюун ухаант соёл иргэншил хэчнээн бээрийн цаана нууцлаг байдлаар оршиж буйд л бүх анхаарлаа төвлөрүүлэх нь парадоксийн гол учир оршдог. Нууцлаг байлаа ч хэд нь жинхнээсээ оршдог бол? Ферми 2 асуултаар таамаглалаа дэвшүүлсэн байдаг.
Яагаад дэлхий дээр болон манай нарны аймагт харийн гэхээр эд өлгийн зүйлс олддоггүй юм бол? Тэд хэрвээ байсан бол галактикийг колоничлоход 5-50 сая жилийн л хугацаа шаардлагатай байх болно. Манай нарнаас ч өмнө үүссэн байх боломжтой оюун ухаант амьдрал байх тохиолдолд энэ бол асуудал биш шүү дээ.
Яагаад оюун ухаант амьдралтай гэх гарагийн баримтуудыг цуглуулж чадахгүй байгаа юм бол? Үнэхээр тэд байдаг бол бидэнд ямар нэг байдлаар дохио өгөх ёстой биз дээ. Аль эсвэл бид тоохгүй өнгөрөөчихөв үү?
Сануулж хэлэхэд уг таамаглалаа 1950 онд ярьж эхэлсэн бөгөөд тухайн үедээ л шинэлэг гэмээр ойлголтыг төрүүлж байсан юм шүү. Баримт, нотолгоо олдлоо ч үгүйсгээд маш нууцын зэрэглэлд оруулдаг ч байж болно. Хангалттай техник, технологи дэлхий дээр зохион бүтээгдээгүй ч байж болно. Ямартай ч энэ талаар судалгаа хийх сонирхолтой санааг Э.Ферми л анх дэвшүүлсэн юм.
Нэрт онолын физикч маань 1954-11-28 нд АНУ-ын Чикаго хотноо таалал төгсчээ. Түүний шинжлэх ухаанд хийж үлдээсэн бүхэнд талархаад баршгүй нь хэмээн энэхүү бичвэрээ төгсгөе. Энэ хүртэл уншсан танд баярлалаа.
Comentarios