Италийн гүн ухаантан, одон орон судлаач, математикч, орчин үеийн шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг Филиппо Бруно буюу олноо Джордано Бруно нэрээр танигдсан нэрт эрдэмтэн маань 1548 онд Италийн Нола хэмээх жижиг тосгонд мэндэлжээ.
Түүний эцэг нь цэргийн хүн байсан бөгөөд хүүгээ төрсөн газрынх нь нэрээр "Ил Нолано" гэж нэрлэсэн гэдэг. Хожим Сан-Доминикийн хийдэд элсэн орохдоо "Джордано" болгон нэрээ өөрчилжээ. 1562 онд диаликтик, логик, хүмүүнлэгийн чиглэлийг судлахаар Наплес хотыг зорьсон нь Аристотель болон Өрнөдийн гүн ухааныг сонирхох эхлэл болжээ. Түүнчлэн Николай Коперникийн нар төвтэй системийн онолыг нарийвчлан судлах болж Араб, Персийн одон орон судлал, эртний Грекийн гүн ухааны Неоплатонизм үзэлд анхаарлаа хандуулж, тухайн үеийн Английн нийгмийн ёс зүйг шүүмжилж байв.
Н.Коперникийн нар төвт систем: Орчлонгийн төвд дэлхий хөдөлгөөнгүй оршихгүй, харин тэнхлэгээ эргэж орчлонгийн төвд байгаа нарыг тойрон эргэнэ гэх үзэл. Энэ нь гүн ухааны цаашдын хөгжил, одон орон болон бусад шинжлэх ухаанд хүчтэй нөлөө үзүүлсэн юм.
Харин Дж.Бруно Н.Коперникийн алдааг илрүүлэн засч орчлон хязгааргүй түүний доторхи ертөнцийн тоо төгсгөлгүй, нар нь тоо томшгүй оддын зөвхөн нэг нь гэж үзсэн юм. Цаашлаад материйг идэвхитэй, бие даасан өөрөө үйлчлэх эхлэл ба шинэ хэлбэрийг төгсгөлгүй төрүүлэх чадвартай, аливаа хэлбэрээс ангид матери байхгүй гэж номлох болжээ.
1572 онд тэрээр сүмийн тахилчийн албанд томилогдоод теологийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцсан байдаг. Христийн бурханлаг чанарыг танин мэдсэн Бруногийн шинжлэх ухааны таамаглал, онол, үзэл баримтлал нь ихэс дээдэс, тэдний эрдэмтдэд цохилт болсон нь томоохон асуудлын эхлэл болжээ.
Үүгээр ч зогсохгүй 1584 онд “Орчлон ертөнц хязгааргүй, манай гарагаас гадна амьдрал бүхий ертөнц үй түмэн бий” гэсэн санааг Орчлон ертөнц хязгааргүй болох нь номондоо бичсэнээр түүнийг тэрс үзэлтэн гэх харталтанд өртөхөд хүргэсэн юм. Өөрийн шүүх ажиллагаанаас хэд хэдэн удаа зугтаж Женевт бичээчийн ажил хийж амьдралаа залгуулж байсан Бруно 1600 оны 2-р сарын 17-нд төрийн эсрэг ухуулга явуулж, шашны үзлээр ард олны сэтгэл санааг байж боломгүй зүйлээр тулгаж, үл мэдэгдэх утгагүй онолууд тавьсан гэх зэрэг ялд унаж ард иргэдийн нүдэн дээр амьдаараа шатаагдсан билээ. Энэ явдлаас өмнө тэрээр Католик шашины төлөөлөгч Фабрицио Мордений санааг хэнээс ч айлгүй шүүмжилж, асуудалд шинжлэх ухаанчаар хандахыг сануулж байв.
Түүний дэвшүүлсэн санаа болгон нийтэд ил болмогцоо маргаан шүүмжлэлийг дагуулж байсан нь харамсалтай. Гэсэн ч Итали хэл дээр өөрийн философи үзлийг илтгэсэн харилцан яриа бүхий ном бичиж (сансар судлал, орчлон ертөнцийн хууль, ёс суртахууны сэдвүүд багтсан), математик тэр дундаа геометрийг нэвтэрхий судалсан судалгааны ажлууд нь баримт болон үлджээ.
Тогтсон хэм хэмжээг зөрчиж, дасал болсон худал номлолыг үгүйсгэхийн төлөөх түүний тэмцэл "Та бүхний гарт байгаа миний бие тамлан зовоогдож оюун санаа минь диваажинд очих агшин хүртэл доромжлогдсоор байх юм байна" гэх үгээр өндөрлөсөн юм.
Шинжлэх ухаанд баримт, нотолгоо, үнэн, зөв гэх зүйлс хэзээд үнэ цэнтэй байх ёстойг Бруно өөрийн амиар баталж чадсан болов уу...
Comments