Хэрэв та анзаарсан бол би бээр өөрийн санаа бодол, төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээ бусдад илэрхийлэхдээ тунчиг тааруу нэгэн билээ. Тухайн сэдвийн агуулгыг уншсан хэнбугай ч болов "аан" гэж уулга алдахуйц сонирхолтой гэж итгэдэг учраас элдэв маяг, бичлэгийн хэлбэр, хэв загварт баригдалгүй тоочин бичдэгээ ийн анхааруулж байна. Алдаа дутагдал ихтэй ч бичих бүртээ сайжирч байгаа хэмээх горьдлого тээн хичээн, хичээн бичлээ.
Жендерийн тэгш бус байдлыг зогсоохыг уриалах энэ өдөр түүхэн дэх хамгийн ухаалаг эмэгтэйчүүдийн нэгийг танилцуулах гэж байна. Түүний богинохон хэрнээ гайхалтай амьдралыг эргэн дурсах нь зүйн хэрэг гэж бодсоны үндсэн дээр ихэд хүндэтгэлтэйгээр дурсан бичлээ...
Хипатия бол МЭ 355-415 оны хооронд Александрын эзэнт гүрний түүхэн дэх хамгийн үймээн самуунтай эринд амьдарч байсан математикч, одон орон судлаач, (неоплатонист) гүн ухаантан юм. Математикийн талаар гүн гүнзгий мэдлэгтэй эмэгтэй хүн тухайн үедээ түүнээс өөр байгаагүй гэлцдэг.
Түүний аав нь Александрийн музейн сүүлчийн гэрчлэгдсэн (албан ёсны) гишүүн байхын сацуу математикч, одон орон судлаач хүн байжээ. Үүгээр ч зогсохгүй тэрээр Эвклид, Птоломей зэрэг гүн ухаантнуудын сургаал номлолуудад тайлбар бичиж, шүүн тунгаадаг, эрдэм боловсролоороо олны итгэлийг хүлээсэн нэгэн байжээ. Охин нь ч аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн Грекийн математик, одон орон судлалын өвийг туйлын хүнд хэцүү үед хадгалан үлдэх гэж тууштай тэмцэж байлаа. Түүнчлэн Хипатия (Диофантусын Александрын) арифметик тооны онол, (Аполлониусын Пергагийн Коникс) геометр, одон орны хүснэгтийн шинэчилсэн хувилбарт өөрийн тайлбарыг бичиж үлдээсэн. Эдгээр судалгааны ажлууд нь алдагдсан гэдэг ч цор ганц бүтээлийг нь сэргээн засварлах үйл ажиллагаа хийгдэж байгаа гэнэ.
Философийн тухайд олны анхаарлыг татахуйц илтгэл тавьж, өөрийн үзэл баримтлалыг илэрхийлж байсан учраас түүнийг дагах шавь нарын тоо олширчээ. Тэрээр неоплатонист талыг баримтлагч байсан бөгөөд бурхны буянт үйлийг бүтээдэг гэх иудей-христийн болон лалынхны үзэл баримтлалаас зөрдөг учраас Хипатияг үзэн ядагчид ч мөн адил олшрох болжээ. Гэсэн ч тэрээр өөрийн үзэл баримтлалаас татгалзсангүй. Улс оронд нь шашин-төрийн ноцтой мөргөлдөөн гарах болж, Александрийн байгуулсан номын сан, зарим соёлын өвүүд сүйдэж байв. Шавийнхаа тусламжтайгаар Хипатия өөрийн бүтээл, туурвилыг үргэлжлүүлж байсан ч төд удалгүй хамгаалах хүмүүс нь үгүй болж, Христийн шашинтнуудын бүлэглэл "тэрс үзэлтэн" гэх нэрийдлээр түүнийг онц хэрцгийгээр хөнөөжээ.
Хипатия бол оюун ухаан, эр зориг, феминистүүдийн бэлгэ тэмдэг болж чадсан гүн ухаантан. Шашин-төрийн мөргөлдөөний хүндхэн цагт тэр зөвхөн өөрийн үзэл бодлыг эрх чөлөөтэйгөөр бусдад илэрхийлэхийг хүссэн юм. Амьд байх хугацаандаа гүн ухаан, шинжлэх ухааны гайхалтай шинэ санаа бүхий судалгааны ажлууд бичиж байсан ч үхэл нь л түүний нэрийг түүхэнд мөнхөлжээ.
Хипатиягийн үхэл нэртэй уг зурагнаас гудамжинд байгаа хүмүүс түүн рүү чулуу шидэж байгааг харж болох юм. Түүнийг Александр хотын гудамжаар "шулам" хэмээн дуудацгааж, өөрсдийнх нь үзэл баримтлалыг дорд үзсэн гэж олон нийтийн өмнө хөнөөжээ...
Харамсалтай нь Хипатия хэзээ ч бусдын үзлийг гутаан доромжилж байсангүй. Харин ч шашины эв нэгдэл, шинжлэх ухааны ололт нээлтийг сурталчилан таниулахын тулд сурагчдад математик, гүн ухааны боловсрол олгодог байжээ.
Орчин үеийн судлаачид түүнийг энэ цаг үед төрсөн бол олон зүйлийг хийж бүтээх байсан гэдгийг цохон тэмдэглэжээ.
Буруу цаг үед, буруу хүмүүсийн гарт үгүй болсон Хипатиягийн шинжлэх ухааны төлөөх агуу үйлс хэзээд зөв байсан билээ.
Comentarios