top of page
Writer's pictureEnkhmaa Byambakhuu

Уфологи

Updated: Aug 20, 2021

Уфологи бол үл мэдэгдэх нисдэг биет, харь гарагийн талаар судалдаг шинжлэх ухаан юм. Шинжлэх ухаан гэдгийг албан ёсоор эрдэмтэд, үл итгэгчид хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хуурамч шинжлэх ухааны (pseudoscience) хамгийн том жишээ хэмээн ихэд шүүмжилдэг.

Уфологийн судлагдахуун угаас нууцлаг байдаг нь судлаачдыг ингэж талцуулахад хүргэсэн. Түүнчлэн шинжлэх ухааны аль нэг арга зүйг ашигладаггүй, хуурамч шинжтэй, нотлох баримтгүй зэрэгтэй нь ч холбоотой.

UFOLOGY- гэдэг нь Эдвард Ж.Руппелтийн анх гаргасан UFO, эртний Грекийн -LOGY дагаврын нийлбэрээр бүтсэн (неологизм) нэр үг юм.

1890 онд тэнгэрт үзэгдсэн "нууцлаг агаарын биет", Дэлхийн II дайны үед агаарын нисэх хүчнийхний мэдээллэсэн "этгээд сөнөөгч онгоц", 1930-аад онд Европ, Хойд Америкт ихээр харагдсан "хий үзэгдэл" гэх мэт жигтэй явдлуудыг судалж эхэлснээр ердөө ам дамжсан яриа байсан зүйл эрдэмтдийн хооронд маргаан дэгдээх хүртлээ яригдах болжээ.

1947-6-24-нд АНУ-ын иргэн Кеннет Арнолд хувийн нислэг хийж яваад нэгэн учир битүүлэг нисдэг биетүүд харсан нь хэвлэлийнхний анхааралд өртсөн байдаг.

Гэхдээ тухайн үед олон нийтэд ЗХУ-ын нисэх хүчний сургуулилт, шинэ онгоцны туршилт явагдаж байсан зэрэг тайлбарыг өгч байв.

Питер.А.Стуррокоор ахлуулсан зарим уфологичид үл мэдэгдэх нисдэг биетийг судлах аргачлалыг боловсруулсан боловч орон зай, цаг хугацааны хувьд урьдчилан таамаглах ямар ч боломжгүй, физик шинж чанаргүй биетийг судлах шиг бүтэшгүй зүйл байхгүй гэсэн няцаалтаар хол яваагүй юм.

Гэсэн ч уфологич Ж.Аллен, Жак Валле нар үл мэдэгдэх нисдэг биетийг судлах судалгааны систем боловсруулсан байдаг. Тэдний анхаарлыг татдаг гол асуудал нь тариалангийн талбай дээрх хачин дүрслэлтэй тойргууд, харийнханд хулгайлагдсан гэх хүмүүсийн ярианууд... Ялангуяа харь гарагийнхныг судладаг гэх М12 (Majestic-12) нууц бүлгэм уфологичдын анхаарлыг ихэд татдаг.

М12 нууц бүлгэм: 1947 онд АНУ-ын ерөнхийлөгч Харри С.Трумений харийн нисдэг биетийг судлах, мөрдөн шалгах захирамжийн дагуу байгуулагдсан маш нууцлалтай оршин тогтнодог бүлгэм. Эрдэмтэн, судлаач, мөрдөн байцаагч нараас гадна засгийн газарт ажилладаг өндөр албан тушаалтнууд уг бүлгэмийн гишүүнчлэлтэй байдаг. Тэдгээр хүмүүсийн нэрийг олон нийтэд дэлгэж байсан ч яг баттай биш, үйл ажиллагаа нь ч тодорхой бус. Эргэлзээ дагуулсан олон баримтууд М12-ын нэрэн дор судлагдсан гэдэг.

Уфологитой холбоотой л бол тэр мэдээлэл ямагт нууцлаг бөгөөд сонирхолтой байдаг нь үнэн. Гэвч олдож байгаа баримт, нотолгоо гэх зүйлс нь хэзээ ч батлагддаггүй.

Толгой эргэм энэ салбарын ирээдүй харийн судлагдахуунаас шалтгаалах мэт боловч дэлхийн иргэдээс нуух түүнээс ч том шалтгаан эрх мэдэлтнүүдэд байж магадгүй л юм. Нотлох баримтыг дэлгэсэн ч үгүйсгэсээр байгаа ч юм бил үү? хэн мэдлээ.

Цаашдаа "жинхэнэ шинжлэх ухаан" гэж хүлээн зөвшөөрөгдөж чадах болов уу? Асуулт, эргэлзээ дүүрэн энэхүү сэдэв ингээд л сонирхол татаад байдаг юм. Дахиад л асуулт хэвээр үлдлээ дээ.

64 views0 comments

Comments


bottom of page