Сүүлийн үед толгойд эргэлдэх болсон “inferno” гэх үгийн тайлбарыг унштал итгэмээргүй баримтуудыг давхар олсноо хадгалан үлдээхээр шийдлээ. Хачин ч гэлээ сонирхолтой болохоор нэг уншаад хаячихад гэмгүй бичвэр гэж бодов.
Сэргэн Мандалтын үеийн Италийн нэрт яруу найрагч Данте Алигери (1265-1321) “Тэнгэрлэг туульс” бүтээлдээ зохиолын гол баатар (Данте өөрийн биеэр) там, диваажингийн орныг хэрхэн гэтэлж буйг ёгтлол, бэлгэдэл, домог, хууч яриа зэргээр баяжуулан бичиж үлдээсэн нь бүх цаг үеийн гайхалтай бүтээл болон үлджээ. Уг бүтээл нь “Там, Ариутгалын орчлон, Диваажин” гэх гурван хэсгээс бүрддэг бөгөөд миний сонирхлыг нэг л хэсэг онцгойлон татаж чадсан юм. Зохиолчийн гол санааг уншигчийн зүгээс олон янзын байдлаар тайлбарлаж болох ч шашин, ухамсар, зан суртахууны асуудлыг нийгмийн бусармаг үйл явдлуудтай хамаатуулан хөндөж, сэргэн мандалтын үеийн үнэн төрхийг илчилсэн гэвэл илүү оновчтой байх болов уу. Магадгүй бодит ертөнцөөс ангижрих мөрөөдлөө биелүүлэхийн тулд зохиолоо бичсэн ч юм бил үү? Ямартай ч там, диваажин, бурхан, чөтгөрийг үгүйсгэлгүй бас батлахгүйгээр зүгээр л энэ бүхнийг уншчихаад юу бодож байгаагаа тайлбарламаар санагдав.
Дан Браун миний хувьд хамгийн бүтээлч зохиолч. Түүнд нууц баримтуудыг уран зохиолтой холбон уншигчийг хэзээ ч уйдаахгүй байлгах увдис бий гэж боддог (inferno гэх ойлголтыг дээрх зохиолч л сонирхолтойгоор бичсэнийг санаандгүй олж уншсан юм). Гэнэт юун хүн оруулаад ирэв ээ гэж бодож байвал эрхэм Дантед ч бас энэхүү чадвар оршиж байсныг илтгэх гэсэн хэрэг юм шүү.
"Гай ч тарилгүй, гавьяа ч байгуулалгүй
Хорвоог өнгөрөөсөн арчаагүй амьтдын
Хомсхон тавилан ийм байна
Тэдэнтэй байгаа сүрэг амьтад
Тэг дундыг баримталсхийгээд
Тэнгэрт хэдий тэрслээгүй ч гэсэн
Тэгтлээ үнэнч бас байгаагүй
Тэнгэр согогийг нь тэвчээгүй юм
Тэднийг тэгээд тэтгээгүй юм
Тэдэнд нүгэлтнүүд дээрэлхэнэ гээд
Тамын орон ч аваагүй юм”
-Тамын хаалга-Арчаагүй амьтад-Ахерон-Хароны завь
Энэ хэсгийн тайлбарыг хийе гэтэл нэг л болж өгсөнгүй. Хорхойд ч хоргүй явлаа гээд сайрхаж ярих хэрэг биш гэдгийг сануулж буй мэт хачин сэтгэгдэл л үлдээв. Хэн нэгэн, ямарваа нэг зүйлээс ангид байлаа гээд юу ч болохгүй гэсэн үг биш гэж байгаа ч юм шиг. Яг л Италийн их мастер Жотто де Бондоньегийн сонгодог бүтээлийн цаадах ад чөтгөрийн нууц дүрслэлийг Данте “Тэнгэрлэг туульс”-таа ч бас нуусан мэт эвгүй оргим байлаа. Ямартай ч сэтгэл санааны байдал, орчин, нас, хүйснээс хамааран яаж ч ойлгогдохоор жийрхэм мөртлөө унших хүсэл төрүүлэм болохыг хэлмээр санагдав.
Тамын орон: Юутай ч нэр томъёоны тайлбараас эхэлсэн нь амар байх болов уу. Монгол хэлний тайлбар толинд:
Шашны ёсонд гурван муу заяаны нэг, үхэгсдийн сүнсийг зовлон эдлүүлж тарчилгах газар,
Маш гүнзгий нүх,
Амьд яваа насны зовлон зүдүүр, гаслан гэж тайлбарлажээ.
Дантегийн туульс дээр тамын 9-н тойрог болон түүнд хэн, ямар шалтгааны улмаас очдог болохыг өгүүлсэн байдаг. Жишээлбэл, 8 дугаар тойрогт нь “Луйварчид” харъяалагдах бөгөөд дотроо 10 хэсэгтэй байх аж. Энд хоёр нүүртэн, хуурамч эш үзүүлэгч, авлигач улс төрчид, худал хуурмаг байдаг хэмээн дүрсэлдэг. Тэгвэл Дорно дахин тэр дундаа Бурханы шашинд хүн хэдий чинээ муу үйл хийнэ төдий чинээ зовлон түүнийг дайран ирэх болно хэмээн үздэг. Энэ хоёрын хооронд авцалдахуйц санаанууд хэд хэд байгааг харьцуулан уншихад ойлгомжтой болж ирнэ. Тамын амьтад үйлээ барагдтал тэндээ дахин төрдөг, тамын төрөл хийсэн үйлийн үрээс хамаарч өөр өөр зовлонг амсуулах зарчимтай, хүн болгонд өөрийн гэх эрлэгийн элч байдаг бөгөөд муу үйлийнх нь эрхээр бүтсэн, сэтгэл үгүй амьтан гэж үздэг. Ямартай ч хийсэн үйлийнхээ үр дагаврыг амсах учиртайг Өрнө, Дорнын аль ч шашин анхааруулдаг нь дэмий хоосон биш л байх даа хэмээн бодож суулаа. Гэхдээ би яаж мэдэх билээ?
Энэ тухай илүү сонирхолтой сэтгэгдэл бий болгохыг хүсвэл THE CLEANSING HOURS гэх киног үзээрэй. Илүү дэлгэрэнгүй тайлбарламаар байвч карентин гээд тархи, толгойгоо ажиллуулахдаа муу болж байх шиг байна. Заа ямартай ч энэ хүртэл уншсан танд баярлалаа.
Comentarios