МК-Ультра нь АНУ-ын Тагнуулын Төв газраас зохион байгуулж байсан маш нууц төсөл юм. LSD болон бусад төрлийн мансууруулах бодис, ховс, цахилгаан зэргийг ашиглан хүний оюун санааг удирдах, хянах, мэдээлэл цуглуулахаас гадна сэтгэл зүйн янз бүрийн туршилт зохион байгуулах гэх мэт санаанд багтамгүй зорилготой байсан нь олон нийтийг цочролд оруулжээ. Уг төсөл ЗХУ, АНУ-ын хоорондох Хүйтэн дайны үед буюу 1953-1973 онуудад үргэлжилсэн байна. 1975 оныг хүртэл хэн ч энэ төслийн талаар мэдээгүй байсан бөгөөд Тагнуулын Төв газрын хууль бус үйл ажиллагааг илрүүлэх Конгрессын мөрдлөг, шалгалтын явцад ил болжээ.
Хүйтэн дайн ба МК-Ультра хөтөлбөр
1950-1960 онууд нь Хүйтэн дайны оргил жилүүд байсан гэхэд болно. ЗХУ, АНУ хоорондоо цэрэг, дайны технологиор өрсөлдөж байх үед Оросууд хүний ухамсрыг хянах технологитой болсон гэх мэдээг АНУ хүлээн авч ялагдал хүлээхгүйн тулд нууц хөтөлбөр боловсруулж эхэлжээ. Ингэснээр 1953 онд Тагнуулын төв газрын дарга Аллан Даллес МК-Ультра хөтөлбөрийг баталсан юм.
Хөтөлбөрийн гол зорилго нь мансууруулах бодис, сэтгэл зүйн голлох хүчин зүйлсийн тусламжтайгаар хүнийг бусдад захирагдаж, бусдаас хамааралтай болгох, супер цэрэг бүтээх, хамгийн чухал нь оюун санааг удирдах систем бий болгох байжээ. Сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, мэдээ алдуулагч, цахилгаан цочроогчийг ашиглан нийтдээ 150 гаруй (хүнийг тарчлаан зовоосон) туршилтыг нууц хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэсэн байна.
Туршилтын золиос болсон хохирогчид ихэвчлэн Америк болон Канадын их сургуулийн оюутнууд, сэтгэцийн эмнэлгийн өвчтөнүүд, шоронд ял эдэлж буй хүмүүс байжээ. 1953-1964 оны хооронд ихэнх туршилтуудыг явуулсан гэх боловч хэдэн хүнийг хэрхэн, яаж, ямар байдлаар туршилтанд оруулж, хохирол учруулсан нь устаж үгүй болсон юм.
LSD ба Сидней Готлиб
Хамгийн аюултай туршилтыг хор судлалын шинжээч, химийн ухааны доктор Сидней Готлиб LSD бодисыг ашиглан хийж байв. Тэрээр мансууруулах бодисыг сэтгэцийн шинж чанарыг өөрчлөн тархи угаах, бодол санааг удирдахад ашиглаж болох юм гэсэн санааг дэвшүүлсэн юм. Ингээд мансууруулах бодистой холбоотой судалгаа л байвал Тагнуулын Төв газар санхүүгийн дэмжлэг хангалттай үзүүлж эхлэв. Цуврал туршилтууд хийсний дараа мансууруулах бодисыг ашиглах нь сөрөг бөгөөд тохиромжгүй гэсэн үр дүнд хүрч дуусгавар болжээ (туршилтанд экстаси, героин, мескалин, барбитурат, метамфетамин, псилоцибин зэрэг бодис ашигласан гэдэг).
Кен Кизи болон МК-Ультра хөтөлбөрийн бусад оролцогчид
Сэтгэхүйд хүчтэй нөлөөлдөг бодис болох LSD-тэй туршилтад Стенфордын их сургуулийн оюутан Кен Кизи сайн дураар оролцож байсан бөгөөд 1962 онд One Flew Over the Cuckoo’s Nest гэх алдарт романаа уг үйл явдлаас санаа аван бичсэн гэдэг (өмнөх "Электроконвулсив сэтгэц заслын арга" нийтлэлийг уншвал ойлгомжтой болох байх аа). Үүний дараа мансууруулах бодисын гоё сайхан, эрх чөлөөт байдлыг сурталчилах болж, 1960 оноос хойшхи хиппи соёлын эхэн үеийн хөгжлийг эхлүүлсэн байна. (сайн, муу гэж дүгнэхээс зайлсхийлээ.)
Сүмийн хөдөлгөөн
1974 онд Нью Йорк Таймс сонины сэтгүүлч Сеймур Херш Тагнуулын Төв газар Америкийн иргэдтэй харилцан зөвшилцөлгүй мансууруулах бодис туршиж, хууль бусаар тагнах ажиллагаа явуулсан тухай түүхийг анх дэлгэсэн юм. Энэ нь МК-Ультра гэх хөтөлбөрийг зогсоох олон нийтийн тэмцлийг эхлүүлжээ. Дараа жил нь Тагнуулын Төв газрын нууц илэрч олныг цочроолоо. Улмаар АНУ-ын ард иргэд ЗГ-таа итгэх итгэлээ алдаж, Холбооны мөрдөх товчооноос үнэн мөнийг олж тогтоохыг шаардсан байдаг.
МК-Ультра бол АНУ-ын ЗХУ-ыг ялан дийлэх оролдлого бус өөрсдийн ард иргэдийн амь насыг хохироосон ноцтой гэмт хэрэг болон хувирсан юм.
Хүний оюун санааг өөрчлөн, удирдах оролдлого хийнэ гэдэг эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон улс орны хувьд байж болшгүй гэмээр үйл явдал биз ээ.
Comments