top of page
Writer's pictureEnkhmaa Byambakhuu

Алтан огтлолын хуулиар бүтсэн Да Винчийн "Vitruvian man"

Updated: Jan 21, 2022

Сэргэн мандалтын үеийн уран зураач, инженер, хөгжимчин, эрдэмтэн, уран барималч, зохион бүтээгч, газрын зураг бүтээгч, геологич, анатомич нэг үгээр бол "суутан". Та бүхний улиг болтлоо сонсож, уншиж байсан нөгөө нэг хүн. Зүгээр нэг хүн биш гэдгийг нэвтэрхий тольноос илэрхий мэдэж болно.

1452 онд Италийн Винчи гэх жижиг хотын ойролцоо төрсөн суут эрхэм Леонардо Да Винчи (Leonardo di ser Piero da Vinci) -ийн тухай үнэн, худал нь мэдэгдэхгүй олон зүйлс бичигдсэн байдаг ч заа бараг л олж уншаагүй болов уу гэмээр сонирхолтой баримтыг дэлгэхээр шийдлээ. Намтар, бүтээл туурвил нь бэлээхэн байдаг учир шууд гол сэдэв рүүгээ орох нь зүйтэй болов уу?

Vitruvian man буюу Харьцаа: Да Винчийн сонирхлыг татдаг олон зүйлсийн нэг нь хүний биеийн анатоми байв. Уран зургийн багш Флоренцийн зураач Андреа дэл Вэррокио нь анатоми судлахыг суралцагчдаасаа шаарддаг байсан нь Да Винчиг нэгэн гайхалтай судалгаа хийхэд хүргэсэн юм.

"...Тэрээр энэ зургийг Де Аркитектура (МЭӨ30-15 оны хооронд бичигдсэн уран барилгын гарын авлага) хэмээх өгүүлэлдээ Алтан огтлолын хуулийг анх бичсэн, Ромын уран барималч Маркус Витрувцус (Ромын архитектур, инженер)-т зориулсан юм. Хүний биеийн бүтцийн харьцааг Да Винчигээс илүү ойлгох хүн үгүй. Хүний ясны бүтцийг судлахын тулд хүний цогцсыг анх задлан шинжилсэн. Ингэснээр хүний бие махбодыг нарийн тогтолцооноос бүтсэн, тэр тусмаа Фи тоог агуулсан гэдгийг хүн төрөлхтөнд нээж харуулсан юм..." (Зохиолч Дэн Браун Да Винчийн код номын хэсгээс)

Бичвэр төдий судалгааны ажил хийснээс тодорхой зураглал бүтээх нь хавь илүү санагдсан байж л дээ. Ингээд 1490 (зарим эх сурвалжид 1492 он гэсэн байна) онд алдарт бүтээлээ зурж, хойч үеийнхээ анатомичдод үнэлж баршгүй өвийг үлдээжээ. Флоренц, Миланы эмнэлгүүдэд ажиллаж байх үедээ эмч Марк Антонио делла Торретэй хамтран араг яс, зүрх, цусны судаснууд, бэлэг эрхтэн, эхийн хэвлий дэх ургийн цуврал зургууд зурсан бөгөөд хамгийн жижиг хялгасан судсыг ч хаялгүй дүрсэлсэн байжээ. Да Винчи анатомийн тухай 200 гаруй хуудас тэмдэглэл хөтлөн түүгээрээ туурвил бүтээх байсан ч харамсалтай нь дуусгаж чадалгүй насан эцэслэсэн юм. Уг тэмдэглэлүүд өөрийнх нь шавь Франческо Мэльцид өвлөгдөн үлдсэн ч бүр 1632 онд Урлагийн тухай номлолд хагас дутуу нийтлэгдсэн гэдэг.

Харьцаа зураг бол төгс төгөлдрийн тусгал төдийгүй ертөнц дээр учир утгагүй зүйл гэж байхгүйг илтгэх хамгийн том жишээ юм. Үүнийг Да Винчи урлаг болоод математикийн хослолоор гайхалтай харуулж чадсан байна.

Цаасан дээр үзэг, бэхээр зурсан тойрог дотор нүцгэн эр зогсоно. Түүнийг дөрвөн хөл, гартай зурсан нь 16 үйл хөдлөлийг нэгэн зэрэг дүрслэн харуулах зорилготой аж. Зургийг хоёр хэсэгт хуваахад хуваагдсан талууд фи тооны харьцаатай тэнцдэг. Мөн эрүү, толгой, нүд, хөмсөг, цээж, үсний үзүүр хүртэлх зургийн бүхий л дүрслэлүүд өөр хоорондын харьцааг харуулдаг байна. Ингэж математикийн төгс харьцааг судалж зурсан нь өөлөх зүйлгүй бүтээл бий болоход нөлөөлжээ. Ганц Да Винчи ч биш Микеланжило, Албрехт, Аюрер тэргүүтэй олон уран бүтээлчид төгс харьцааг ашиглан төгс бүтээлүүдийг туурвисаар иржээ.

Төгс харьцаа: Уг харьцааг 1.618 буюу "фи тоо" илтгэдэг. Мөрнөөс хурууны үзүүр хүртэл хэмжээд гарсан тоог тохойноос хурууны үзүүр хүртэлх уртад харьцуулбал нөгөө гайхал фи тоо гарна. Ташаанаас дооших уртыг, өвдөгнөөс дооших уртад харьцуулахад ч бас. Үүгээр хүн гэдэг бодгал төгс тооноос бүтдэг гэх далд санаа илэрхийлэгдэх учиртай юм.

Фи тоо: Аль эрт Пифагорын үеэс эхлэлтэй энэ тоог Эвклид тодорхойлсон байдаг. Мэргэн цэцэн тоо, бурхны тоо ч гэж нэрлэгддэг. Лука Пациолийн (1445-1517) Vie Divine Proportion буюу Тэнгэрлэг харьцаа гэх туурвил нь одоогоор мэдэгдэж буй "Фи тоо"-г нарийвчлан судалсан анхны бүтээл болсон юм. Үүнээс Да Винчи санаа аван "Алтан огтлол" гэх нэршилээ зохиосон байна. Орчлон ертөнцийн бүхий л үйл явдал, өсөлт, бууралт, давтамжийг фи тоо л тайлбарлаж чаддаг гэнэ. Нарны аймаг, салхины эргүүлэг, далайн дун, зөгийн үүр, хөгжмийн нот гээд харж чадвал хаанаас ч уг харьцааг олох боломжтой.

Фи тоогоор "Алтан огтлолын хууль"-ийг илэрхийлнэ гэдэг нь гоо сайхан, төгс төгөлдөр зүйлийн мөн чанар, утга учрын үнэ цэнийг мэдрүүлэхэд оршдог. Тэр утгаар Да Винчи юмсын сайхныг уран бүтээлээрээ дамжуулан бусдад таниулахыг оролдсон юм. Үүгээр уг зургийн гайхамшигт нууц нь, илэрхийлэл нь бидний нэг хэсэг болохыг хэлэхийг хүслээ.

Бүх зүйл төгс. Муухай зүйл энэ орчлон ертөнцөд байхгүй!

598 views0 comments

Comentarios


bottom of page